Dark Light
Нийгэм | 2022-11-10

Шахмал түлшний чанар, стандартад шалгалт хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, стандартад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажилладаг. Өнөөдөр тус газрын Байгаль орчны улсын байцаагч Ө.Билгүүн Сүхбаатар дүүргийн борлуулалтын зарим цэгүүдэд шахмал түлшний жин, чийгшил болон түлшний үйрмэгт шалгалт хийлээ.

Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага –  MNS 5679 : 2019 стандартыг шинэчилж 2022 оны 8-р сарын 14-нд MNS 5679 : 2022 стандартыг баталсан аж.

Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцно. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзнэ.  Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм.

Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгожээ. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар  түүнийг 27 болгож бууруулсан байна. Ингэснээр шаталтын дараа гарах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах аж.

Мэргэжлийн хяналтынхан Сүхбаатар дүүргийн нутаг Сансар худалдааны төвийн урд байрлах шахмал түлшний борлуулалтын цэгт өнөө өглөө буусан түлшнээс түүврийн байдлаар сонгон авч шуудайг задлан нунтгийн хэмжээ болон савлагааны хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгав. Шахмал түлш нь 25 кг-аас нэг кг-аар их, бага байж болох аж. Энэ тухай ч шуудай дээрээ тэмдэглэсэн байв. Ингээд жинг шалгахад 25.4 кг байлаа. Шуудайтай түлшийг задалж бүхэллэг хэсгийг шалгахад нунтаг түлш гараагүй. Шахмал түлш хэрэглэгчийн гарт хүрэхийн тулд 4-5 удаагийн тээвэрлэлт дамждаг аж. Энэ жилийн тухайд шахмал түлшний чанартай холбоотой иргэдийн гомдол гарахгүй байгаа гэдгийг түлш борлуулагч хэлж байлаа.

Мэргэжлийн хяналтынхан Тавантолгой түлш ХХК-ийн баруун болон зүүн үйлдвэрт 24 цагийн хугацаатай тогтмол хяналт тавьж ажилладаг. Мөн агуулахад хадгалагдаж байгаа түлш болон борлуулалтын цэгүүдэд худалдан борлуулагдаж байгаа түлшнээс түүврийн байдлаар дээш авч Ашигт малтмалын газрын төв лабораторид шинжлүүлдэг аж. Шинжилгээгээр дээрх стандартыг зөрчсөн удаа байхгүйг улсын байцаагч Ө.Билгүүн хэллээ.

“2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллаж, иргэдэд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулна. Борлуулалтын цэгүүд нь урьдчилсан байдлаар түлшээ захиалж захиалгын дагуу тээврийн 31 компанийн тээврийн хэрэгслүүд түлш түгээх ажлыг хийдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байрлалд 112.000 тонн түлшийг нөөцлөөд байгаа” гэж Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээл хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19