Dark Light
Нийгэм | 2022-11-11

Испанийн эзгүй тосгоныг 260,000 еврогоор худалджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Испани улсын Португалтай хиллэдэг хилийн ойролцоох Замора мужийн жижиг тосгоныг ердөө 260,000 еврогоор худалдахаар болжээ. Бүхэл бүтэн тосгоныг худалдаж авах уг мөнгөөр нийслэл Мадридад нэг унтлагын өрөөтэй орон сууц худалдаж авах аж.

Салто де Кастро тосгон нь Мадрид хотоос гурван цаг машинаар явах зайд байдаг жижиг суурин юм. Уг тосгонд 44 айлын байшин, зочид буудал, сүм, сургууль, нийтийн усан сан төдийгүй иргэнийг хамгаалагчдад зориулсан хуарангийн барилгууд хүртэл бий. 

Тосгоныг эзэмшигч 2000-аад оны эхээр уг сууриныг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр худалдаж авч байжээ. Гэвч евро бүсийн хямралаас үүдэж төлөвлөгөө нь хэрэгжээгүй байна. 80 орчим настай эзэмшигч хотын оршин суугч тул тосгоныг арчилж тордож чадахгүй байгаа учраас худалдахаар болсон гэжээ.

Ойролцоогоор долоо хоногийн өмнө худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад дээрх үнээр зар тавьснаас хойш 50,000 гаруй хүн сонирхож, 300 хүн худалдаж авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Эдгээр хүмүүсийн дунд Орос, Франц, Бельги, Их Британийн иргэд байжээ. Харин нэг худалдан авагч  хэдийн мөнгөө байршуулж худалдаж авах нь тодорхой болжээ. 

Салто де Кастро тосгоныг цахилгаан эрчим хүчний Ибердуэро компани ажилчдынхаа гэр бүлд зориулж 1950-аад оны эхээр барьсан байна. Гэсэн хэдий ч тосгон баригдаж дууссаны дараа тэнд байрлаж байсан хүмүүс явж, 1980 оны сүүлч гэхэд тосгон бүрэн эзгүйрч орхигджээ. Испанийн алслагдмал, хүн ам сийрэг оршин суудаг хөдөө нутгуудад эзгүйрч орхигдсон тосгон сууринууд тааралдах нь ховор үзэгдэл биш юм. 

Уг тосгоныг өмнө нь 6,5 сая еврогоор худалдахаар зар тавьж байжээ. Барилга байшингууд нь эвдэрч эхэлсэн тул нэг ч худалдан авагч өндөр үнээр сонирхоогүй тул үнээ ийнхүү буулгасан байна. Тосгоныг худалдаж авсан хүн засаж янзлан, 100 хувь ашиглалтад оруулж, жуулчдыг татахын тулд 2 сая орчим евро шаардагдана гэж тооцоолжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10