Цар тахлын тухай хуулийн дагуу 2022 оныг дуустал ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Энэ хугацааг дахин сунгах асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм.
Цаашид иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан тохиолдолд ямар эрсдэл үүсэх талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас тодрууллаа.
Тэрбээр,
Манай улс төрчид олон нийтэд таалагдах гэсэн шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. 2013 оноос эхлэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арилжааны банкууд төв банктай хамтран нийгмийн сайн сайхны төлөө уг төслийг хэрэгжүүлж байгаа. Монголбанк нэг гараараа бодлогын хүүгээ өсгөчихөөд нөгөө гараараа санхүүжилт хийж болохгүй. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэхийн тулд өмнө авсан зээлдэгчид эргэн төлөлтөө хийж байж түүгээрээ санхүүжээд явах ёстой. Нэг ёсондоо ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хойшлуулж байгаа нь шинээр энэ төрлийн зээлийг авах хүсэлтэй иргэдийн боломжийг төр хулгайлж байнаа гэсэн үг.
Гадны аль ч улс оронд зээлийн үндсэн төлөлт болон хүүг царцаасан туршлага байхгүй. Хүн ямарваа нэг зүйл худалдан авсан бол түүнийхээ өртгийг төлөх хэрэгтэй. Ипотекийн зээлийг зах зээлийн зарчмаар явуулах ёстой.
Мөн зээлийн хүүг наймаас зургаан хувь руу буулгах асуудал дээр жилд 300 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарна. Үүнийг Засгийн газар санхүүжүүлнэ гэвэл мөн л тэр хэмжээний зардал төсөв дээр ирэх учир боломжгүй гэж бодож байна хэмээлээ.
АДМИН







Нийгэм



