АНУ-ын Техас мужийн Форт Уорт хотоос 1971 онд хулгайлагдсан эмэгтэйг 51 жилийн дараа гэр бүлийнхэн нь олж уулзсан тухай Чарльзтоны телевиз мэдээлжээ. Мелисса Хайсмитыг ой гарантай байхад нь хүүхэд нь асрагч хулгайлсан тухай цагдаад мэдүүлж байсан аж.
Түүнийг гэр бүлийнхэн нь ямар нэг хууль хүчний байгууллага болон бусад гадны хүчин зүйлгүйгээр ДНХ-ын мэдээллээр олсон байна. Гэрээсээ хулгайлагдаж 1,000 гаруй км-ын зайд амьдарч байсан Мелисса гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзжээ.
50 гаруй жилийн өмнө нийтлэгдсэн сонинд Мелиссагийн ээж охиноо хүүхэд асрагчид алдсан бөгөөд буцааж өгөхийг хүсч зар тавьсан байна. Гэвч тэр гэр бүлдээ эргэж ирээгүй аж. Гэр бүлийн гишүүд нь түүнийг алдсан тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж, хагас зуун жилийн турш огт марталгүй эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байжээ. Түүгээр ч зогсохгүй жил бүрийн 11 дүгээр сард тохиодог төрсөн өдрийг нь тэмдэглэдэг байсан байна.
Цахим сүлжээ хөгжсөний дараа тэд Facebook хуудсанд “Мэлисса Хайсмитыг хайж байна” нэртэй пейж нээж түүнтэй холбоотой мэдээлэл хайсаар байжээ. Өнгөрсөн есдүгээр сард Мелиссагийн сураг Чарльзтоны ойролцоо гарч түүнийг олсон байна.
Ийнхүү 52 настай эмэгтэй өнгөрсөн амралтын өдөр Форт Уорт дахь гэр бүлийнхээ сүмд төрсөн ээж аав болон дүү нартайгаа уулзжээ. Уг үйл явдал гэр бүлийнх нь хувьд зул сарын хамгийн том бэлэг байсан бөгөөд уйлахаа зогсоож чадахгүй байсан тухайгаа хуваалцсан байна. Мөн Хайсмитын гэр бүл хайртай дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүдийг хэзээ ч бууж өгөлгүй, эрлээ үргэлжлүүлэхийг хүсчээ.
Эх сурвалж: The Guardian
АДМИН








Нийгэм







