Dark Light
Нийгэм | 2026-11-17

АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр  сарын 13-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 632 хүнд холбогдох 287 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 17 хүнд холбогдох 6 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, шүүхээс уг 17 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-8 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 1 жилийн хугацаагаар хорих ял болон 3-31.8 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:

1.Ч.Б нь нь М... музейн Э... төвийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй “Археологийн судалгааны ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, гэрээнд заасан ажил үйлчилгээг хийгээгүй байхад “томилолтын зардал” гэх утгаар мөнгө шилжүүлж, уг мөнгийг Хас банк дахь өөрийн дансаар шилжүүлүүлэн авч өөртөө 5.3 сая төгрөгийн эдийн давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ч.Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн.

2. Б.Т нь ... дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... дугаар хаалттай хорих ангийн нягтлан бодогчоор ажиллаж байх 2025 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд давхардсан тоогоор 59 албан хаагчдын бодогдсон цалингаас 27.8 сая төгрөгийг суутган авч, уг суутган авсан мөнгөнөөс 20.3 сая төгрөгийг дансандаа авч, өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Т-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

3.Д.Ү нь Төрийн өмчит “Д...” ХХК-тай 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ...дугаартай төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулахын тулд 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 60 сая төгрөгийг, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ... дугаартай төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулсны хариуд болон уул уурхайн бүтээгдэхүүнийг гэрээнд заасны дагуу шуурхай тээвэрлэж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын төлөө 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 80 сая төгрөг, нийт 140 сая төгрөгийг Төрийн өмчит “Д...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Д болон ...газрын дарга Г.Э нарт Д... аймгийн нутаг дэвсгэрт байх “Я...” зочид буудлын автомашины зогсоол дээр байхдаа өгсөн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Д.Ү-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

4. Б... аймгийн Засаг дарга Г.Б, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О нар нь  бүлэглэн “Э...” ХХК-ийг Б...аймгийн нутаг дэвсгэрт байх “Т...”, “Х...” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгаруулна гэж хуулиар хүлээсэн чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр  “Э...” ХХК-ийн нягтлан бодогч З.Э-ээс 100 сая төгрөгийн хахууль авсан, улмаар тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И-д “Э...” ХХК-ийг тендерт шалгаруулах үүрэг өгч, Д.И, Д.С, С.М нар нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... дугаартай “Т..., Х... хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “Э...” ХХК-тай байгуулж, эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн (2002 он) 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг (Хээл хахууль авах), Эрүүгийн хуулийн (2015 он) 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Б-г хээл хахууль авах болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нийт 8 жилийн хугацаагаар хасаж, 31.8 сая төгрөгөөр торгох ял,

Ц.О-г хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 31.8 сая төгрөгөөр торгох ял,

З.Э-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял,

Д.И, Д.С, С.М нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хахуульд өгсөн 100 сая төгрөгийг шүүгдэгч Г.Б, Ц.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэв.

5.Д.Х нь Хил хамгаалах ерөнхий газрын ... дүгээр ангид бичиг баримтын шалгагчаар ажиллаж байх хугацаандаа нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т...” ХХК-ийн нягтлан бодогч Б.Э-г хилээр дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд ажлын байрандаа байхдаа 2 сая төгрөгийн хахууль, мөн нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А...” ХХК-ийн менежер О.Г-с хилчдийн баярын үйл ажиллагаа болон ... авто замын шалган нэвтрүүлэх заставын өрөөг засварлах, засвар үйлчилгээ хийх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр ажлын байрандаа байхдаа 2.8 сая төгрөгийн хахууль тус тус авсан,

Ч.Д нь Гаалийн ерөнхий газрын ... гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллах хугацаандаа “Э...” ХХК-ийн нүүрс ачих, буулгах талбайд дараалал харгалзахгүйгээр нэвтрүүлэхээр 300 мянган төгрөгийн хахууль авсан,

Н.Д нь Гаалийн ерөнхий газрын ... гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллах хугацаандаа “М...” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн 25,700 кг угаасан ноолуурт гаалийн хяналт шалгалтыг хийж, гаалиар нэвтрүүлж албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “М...” ХХК-ийн менежер С.С-с 100 мянган төгрөгийн хахууль авсан,

Д.Э, Н.Э нь Гаалийн ерөнхий газрын харьяа ... гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа М.С-ын компанийг гаалийн хяналтын бүсээр саадгүй үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д.Э нь 200 мянган төгрөгийн, Н.Э нь 1.7 сая төгрөгийн хахууль авсан,

Мөн Н.Э нь үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 15.7 сая төгрөгийн хахууль авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Д.Х, Д.Э, Н.Э нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Д.Х-г 20 сая төгрөгөөр, Д.Э-г 12 сая төгрөгөөр, Н.Э-г 15 сая төгрөгөөр тус тус торгох, О.Г, С.С, М.С, Ч.Э нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож О.Г, М.С нарыг тус тус 10 сая төгрөгөөр, С.С-ыг 8 сая төгрөгөөр, Ч.Э-г 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08