Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах, хуульт ёсыг бэхжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Батын Гонгорын хичээл зүтгэлийг үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар байгууллагын “Хүндэт дэвтэр”-т мөнхлөн алдаршууллаа.
Мөнхлөн алдаршуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалыг Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу уншиж танилцуулан, “Дурсгалын гэрчилгээ”-г гардуулан өглөө.
Ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Гонгор, "Чин шударгаар хөдөлмөрлөж байсныг минь үнэлэн “Хүндэт дэвтэр”-т мөнхөлсөнд талархаж байгаагаа илэрхийлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, төрийн тусгай чиг үүрэг бүхий онцлог байгууллагын ачааны хүндийг үүрэлцэж, хойч үедээ залгамжлуулан үлдээснийг өнөө цагийн алба хаагчид нэр төртэй үргэлжлүүлж байгаа нь бахархам сайхан байна" гэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Гонгор нь Нийгмийг аюулаас хамгаалах яам, хорих байгууллагуудын улс төрийн орлогч, намын үүрийн дарга, ангийн даргаар олон ажил үр бүтээлтэй ажиллаж байв. Цэрэг, иргэний байгууллагад тасралтгүй 60 орчим жил үр бүтээлтэй ажилласан тэрээр хорих ангиас оргож, 15 жил эрэн сурвалжлагдаж байсан хоригдлыг олж баривчилсан нь түүний мэргэжлийн ур чадварын илэрхийлэл юм. Мөн тэрээр Монгол төрийн сүлдэндээ өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж буйгаа уламжиллаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын эгшигээр сэтгэлийн мялаалга өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. “Дурсгалын гэрчилгээ” гардуулах үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд нар оролцлоо.

АДМИН








Нийгэм







