Монголын улс төр бол гэмт хэрэг, ёс бус үйлдэл, өшөө хорслын тухай кинонууд юм. Эсвэл кино бол бодит амьдралын тусгал байдаг учраас болсон явдлыг санагдуулдаг. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэрт болсон явдлууд болж байна. УИХ-ын гишүүн эмэгтэй халамцуу хөлчүүгээр уйлж, хүүхдээ сандлаас нь унагаж, “Тэжээлгэж байж зайл чи” гэж хэлж байгаа бичлэгүүд зарим талаар Солонгосын олон ангит “Пентхаус” киног сануулж байгааг шогч үзэгчид анзааран, сошиал сүлжээнд гол дүрүүд нь хоорондоо багагүй төстэй талаар хошигнон харьцуулсан байна.
Бид эхнэр, нөхөр хоёрын алиных нь ч талд орохгүй. Мэдээж хэрэлдэж муудалцаж байгаа хоёр хүн нэг нь бурхан, нөгөө нь чөтгөр биш. Гээндээ ч бий, гоондоо ч бий. Арван таван жил хамт амьдарч, 2 хүүхдийн аав ээж болсон хүмүүс яагаад иймдээ хүрэх болсныг бид яаж мэдэх вэ?
Ээж ч гэж ээж. Хэчнээн хямарч бухимдаж, нөхөртөө гомдож, уурлаж хилэгнэсэн байлаа гээд хүүхдээ сандлаас нь унагаж, “Тэжээлгэж байж чи” гэдэг үгийг хэлэх эрхгүй. Тэр тусмаа доктор профессор, УИХ-ын гишүүн, Гэр бүлийн тухай хууль өөрчлөх санаачилга гаргасан хүний үйлдэл. Нөхөр нь агсам тавьж, хутга гаргаж, эд зүйлээ эвдэж, цагдаад баригдаж, баахан амлалт өгч шийтгэлээс мултран хуурч, салж нийлж байсан нь үнэн л юм бол яагаад цаг тухайд нь хоёр тийш бололгүй өөгшүүлж, Монголоор нэг олны хэл аманд өртөхдөө хүрсэн юм бэ?
Аав ч гэж аав. Эхнэр нь хүүхдээ сандлаас нь унагаж байхад зүв зүгээр хараад сууж байдаг. Охиноо хамгаалахын оронд энэ баримтыг бичиж авч, дараа нь фейсбүүкээр цацах л гэж баяртай нь аргагүй сууж байгаа юм биш үү? Хүүхдэдээ хайртай эцэг хүн бичлэг хийгээд л суугаад байх уу, охиноо цээжээрээ хамгаалах уу? Хүүхдүүдийг нь анги сургууль дээр нь ад шоо үзэж, сэтгэл зүйн гэмтэл авч, энэ муухай дурсамж хэзээ ч салахгүй гэдгийг бодож үзсэн үү? Ч.Ундрамын нөхөр нууц камерууд байрлуулж, гэртээ болсон явдлуудыг сошиал сүлжээнд дэлгэн, гэр бүл цуцлуулах хурлын өмнө аав нь хүүхдүүдээ авах ёстой гэж л батлахыг зорьж байна. Хэн нь 2 хүүхдээ шүүхийн шийдвэрээр авна, тэр нь гэр бүлийн өмч хөрөнгийнхөө 75 хувийг авна. Яг ийм зорилго агуулаад байж мэдэх Б.Наранцацралт гэдэг залуу мөн л хүү охин хоёртой, “Пентхаус” киноны Жү Дантег сануулаад байгаа юм.
Эрэн сурвалжлагч сэтгүүлч, үйл явдлын наад харагдах байдлыг биш цаад нарийн учрыг тайлдаг С.Будрагчаа нэгэн сонирхолтой зүйл жиргэсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр Ванга шиг хэлье гэж байгаад энэ бүх сенсацын цаана Ч.Ундрамыг огцруулаад, Сэлэнгэд нөхөн сонгууль зарлаж, С.Баярцогт гарч ирнэ. Ч.Ундрамыг татуулах гарын үсэг зуруулах хөдөлгөөн эхэлчихсэн тухай олон нийтэд хэлсэн. Б.Наранцацралт нь АН-ын гишүүн, АН-аас ИТХ-д сонгогдож байсан нь баримттай, С.Баярцогтын туслах байсан тухай яриа ч гарч эхэлсэн. С.Баярцогтын хэрэг хэрэгсэхгүй болсон, улс төрд эргэн ирснээ үүний өмнөхөн зарласан. Ч.Ундрамын үйлдэл олиггүй ч С.Баярцогтын өдүүлсний дэргэд бол зүгээр л самар.
Эхнэр нь МАН, нөхөр нь АН-ынх.
Мандаад гардаг наран шигээ
МАНАНтайгаа хоёулаадаа хө хө
гэдэг айл гэрт хүртэл МАНАН үүсээд, ана мана болоод явдаг шиг ч юм уу.
Юу ч болсон энэ хэрүүлийн хамгийн том хохирогч нь хүүхэд. Улс төр байна уу, эд мөнгө байна уу, хүүхдүүдээ хэрүүл уруулдаа оролцуулахгүй, сэтгэл зүй, эрх ашиг, ирээдүйг нь хамгаалахыг хэн хэнээс нь шаардаж байна.
АДМИН








Нийгэм







