Dark Light
Нийгэм | 2023-02-20

Зул өргөх ёсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зул өргөсний буян цаглашгүй бөгөөд нүгэл, хилэнц нимгэрч энэ насны санасан сэдсэн ажил барцад саадгүй бүтэх ба эцэс хойдын төрөлд сайн заяанд төрөх болно.

Зулыг өргөх, зулын гол ороох, зул цутгах зэрэгт та гараа ариутгасан байхаас гадна зулаа бэлтгэж байхдаа амьсгалаа оруулахгүй байх үүднээс амны хаалт зүүж болох ба бусад хэрэглэгдэх зүйлсэд ч аль болох хир халдаалгүй, цэвэр гүйцэтгэх ёстой. Зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг ойртуулахыг хатуу цээрлэж, нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтрааж огт болохгүй. Дээрх зүйлийн аль нэгийг нь үйлдвээс зул өргөж буян үйлдэгч танд буян эс хурах ба зул нь дэнгийн гэрэл төдий болж хувирна.

Зул өргөхөд ашиглагдах тосны өнгө, үнэр, амт зэрэг нь чанартай хайлсан тос буюу шар тос байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал. 

Цэвэр сайхан хөвөнгөөр тухайн цөгцнийхөө амсраас 5-7 мм орчим илүү байхаар голыг ороож бэлтгэнэ. “Ум аа хум” хэмээх тарнийг сэтгэлдээ урин зулын голыг орооно. Бурхдын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учраас бүх зүйл ариун байх ёстой. Мөн голыг нь ороох үедээ Бурханы өмнө наманчлан, хүмүүстэй ярилгүй, сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж, эрхэм гурван эрдэнэд залбиран бодох хэрэгтэй. 

Ороон имэрсэн голоо цөгцний голд шигтгэн тосоо цутгана. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээ хүртэл хийнэ.

Зулыг асаахдаа хүжиндээ гал дүрэлзүүлээд хүжнээсээ асаана. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй. Зулыг салхи цохихооргүй нам дор бус байрлалд, бурхан номын өмнө өргөвөл зохимжтой. 

Бурхан, шүтээнийхээ өмнө зул өргөхдөө:

Энэ зулыг шамдан өргөсний ерөөлөөр

Эрхэм билгүүний гэгээг түргэн олоод

Эх болсон хамаг амьтан бүгдийн

Эмгэнэлт мунхгийн харанхуй хирийг арилгах болтугай.

Тосон далай машид хуйларсны дунд

Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр

Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд

Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугай гэсэн ерөөл тавьж "Ум аа хум" "Ум зула зула бара бара зула суухаа" тарнийг уншин олон бурхдад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэж зулаа асаадаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10