2021 онд ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт гадна болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой нас баралт 7 саяд хүрч, жил бүр нэмэгдэж байгаа тухай дурдсан байдаг. Эдгээр нас баралтын дийлэнх хувь нь эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөж буй бүс нутагт үүсэж байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ.
Иймд агаарын бохирдол эрс нэмэгдэж байгаа дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд 2022 онд Байгаль орчин, хөгжлийн хорооны VII чуулганыг зохион байгуулж, агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл болон сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм.
Энэ удаагийн Монгол Улсад болж буй Цэвэр агаар – дээд түвшний чуулга уулзалтаар дээрх хөтөлбөрийн зорилтын хүрээнд зохион байгуулж байна.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, нийгмийн бүх давхаргын дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 32 сая мод шинээр тарьсан байна.

АДМИН








Нийгэм







