Dark Light
Нийгэм | 2023-03-04

Дотоодын үйлдвэрлэгчид төрийн худалдан авалтад оролцох боломжийг бүрдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” үзэсгэлэн үүдээ нээж, төрийн 50 гаруй байгууллага, 100 орчим үйлдвэрлэгч оролцлоо.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцсон юм. 

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах зорилготой уг арга хэмжээнд төрийн 50 гаруй байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав.

Мөн 100 гаруй үйлдвэр эрхлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Татварын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг төрийн байгууллагууд төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох, стандарт, тохирлын баталгаажуулалт, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийн талаар сургалт, мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Миний тэргүүлж байсан Засгийн газраас 2019 оныг "Эх оронч худалдан авалтын жил" болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж байсан.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, иргэдэд орон даяар уриалан "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн, арга хэмжээг анх удаа зохион байгуулж байлаа.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023" арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд оршиж байна" гэсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19