Dark Light
Нийгэм | 2023-03-05

Нүүрсний хулгайн 7

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын 7 гишүүн нүүрсний хулгайн хэрэгт яллагдагч болж, дан болоод  давхар дээлээ толгой дээгүүрээ нөмрөхөд ойртлоо. АТГ-ын зарласнаар УИХ-ын 6 гишүүн, Эрүүгийн цагдаагийн мөрдсөнөөр 1, нийт 7 гишүүн дээлээ нүүрсний хулгайд холбогдон яллагдагчаар татагдаад байна. Тэд бол ардын хувьсгалын 7, ардчилсан хувьсгалын 7 ч биш нүүрсний хулгайн 7 юм. Нүүрс тээврийн нүдэн хатан А.Адъяасүрэн хахууль өгөх, ХНХ-ын сайд бөгөөд гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу шууд хэлбэл мафи байгуулах, хуульч Г.Раднаасэд, шүлэгч Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэргийн яллагдагч болоод байна. УИХ-ын гишүүн Ажнай Д.Бат-Эрдэнэ орон нутгийн Тавантолгойд эзэн сууж, 18 тэрбум төгрөгийн хохирол учруулж, 339 мянган тонн нүүрс хилээр өшиглөсөн хэрэгтээ яллагдагчаар татагдсан. Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар өөрсдөө эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан. Жишээ нь Т.Аюурсайхан МАХН-ын Хөгжил шинэчлэлийн хороо, Монголын оюутны холбооны найз нөхөд, туслах, зөвлөхүүдээ Эрдэнэставантолгойн гол зангилаа албан тушаалд тавиулан цавчихыг нь цавчиж, будилуулахыг нь будилуулсан. Хулгайн мөнгөөрөө хотын төвд шилэн оффис, Арцатын аманд тансаг хаус хороолол бариулж, зүсэлж мэдэхгүй ч хурдан морьд цуглуулсан нүүрсний мафийн толгой байсан гэсэн үг юм. Хар тамхины колумб мафийн Пабло Эскобар гэдэг шиг хар нүүрсний Аюуро Сайхобар гэгч илэрлээ. Т.Аюурсайхан нэг хүрз нүүрс, нэг шанага ч нүүрс аваагүй гэж хэлсэн. Т.Аюурсайхан бол хүрзээр, шанагаар биш тендерээр, гэрээгээр нь авдаг хүн. Бусад гишүүд ч бүгдээрээ хэрэг хийгээгүй, би номхон тэмээ, улстөржүүлж байна, би зүгээр л жолооч тээвэрчин гэх зэргээр ярьцгаасан юм.         

Харин ордныг ичээ болгон унтаж байгаад цочиж сэрсэн баавгай, Тавантолгойг хайгаад олдоггүй төөрсөн хүн, тэвнээр зэвсэглэсэн хятад компанийн монгол жанжин зэргийн нэрс яллагдагчийн жагсаалтаас гээгдсэн байна. 

Нүүрсний хулгайн хэрэгт нийтийн албан тушаалтан 42 хүн холбогдсон. Сайд асан 1, засаг дарга 2, гишүүний зөвлөх 1, гаалийн байцаагч 12, хилийн цэргийн 4, авто тээврийн төвийн 4, “Эрдэнэставантолгой”-н 6, боомтын 2, “Тавантолгойн төмөр зам”-ын 3 байна. Компанийн захирал, дарга 14,  иргэн 22 байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19