Улс орон даяар өрнөж байгаа “Музейн нээлттэй хаалганы өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид Өвөрхангай аймгийн музейгээр зочиллоо.
Өвөрхангай аймгийн Музейн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнэ дайчдад өгсөн мэдээлэлдээ “Орон нутагт дотоод, гадаадын зочид гийчдийн сонирхлыг зүй ёсоор татдаг газар бол музей юм. Тухайн нутаг орны онцлог, түүх, соёл, бахархал зэргийг музейн үзмэрүүдээс төвөггүй мэдэж болно. Өвөрхангай аймгийн музей нь 1951 онд Гэгээрлийн хэлтсийн дэргэд “Сургалтын арга зүйн кабинет” нэртэйгээр 200 гаруй үзмэртэй байгуулагдаж, 1966 онд “Орон нутаг судлах кабинет” болж өргөжсөн. 1993 оноос музейн үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдэж зөвхөн орон нутаг судлах төдийгөөр хязгаарлагдах биш сургалт, танин мэдэхүйн орон нутгийн ба эх орны түүх, соёлыг дэлгэрүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн музей гэж нэрлэх болсон билээ.
Музей нь дотроо байгаль, газар зүй, ан амьтан, эртний түүх, угсаатны зүй, сийлбэр, алдар гавьяатан, цэргийн гэсэн долоон танхимаас бүрддэг. Мөн өндөр гэгээн Занабазарын болон Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн салбар музейтэй. Энд тухайн хүмүүсийн намтар, уран бүтээл, эдэлж хэрэглэж явсан эд зүйл зэргийг харуулсан байдаг. Бусад аймгаас ялгарах онцлог нь сийлбэрийн танхим. Өвөрхангайчууд сийлбэр урлалаараа алдартай учир бид хүндэтгэн байрлуулсан юм” гэж тодотгож байсан юм.
АДМИН







Нийгэм







