2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр олон нийтийн цахим мэдээллийн сүлжээнд тавигдсан “Сэлбэ голын ай сав хогонд дарагдаж хогийн цэг болсон уу” гэх мэдээллийн дагуу Туул голын сав газрын захиргаанаас хяналт тавин ажиллахад тухайн хог хаягдал бүхий газар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Golden Vill” хотхоны урд буюу Сэлбэ голын хамгаалалтын далангийн гадна хэсэгт голын зүүн талын шороон авто замын зүүн хэсэгт үүссэн хог хаягдлуудын зураг болохыг тогтоогджээ.
Тухайн хог хаясан газар нь барилга, байгууламжийн суурь байдлаар ухаж, шороо овоолсон байдалтай хонхор газар байх бөгөөд удаан хугацааны туршид газрын эвдрэл бүхий хэсэгт өвс, мод ургасан байдалтай байна.
Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын “Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл аюулгүй-Цэвэр орчин бүрдүүлэх арга хэмжээний тухай” 2023 оны 04 дугаартай Албан даалгаврын хүрээнд дүүрэг, хорооны Засаг дарга нарт холбогдох мэдээллийг хүргүүлэн хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж буруутай иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандахаар боллоо.
Иргэн бүр ухамсартай байж хог хаягдлаа зориулалтын хогийн цэгт хаяж байхыг Туул голын сав газрын захиргаанаас уриалж байна.

АДМИН







Нийгэм







