Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
"Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулганы ач холбогдол аль нэг салбараар хязгаарлагдахгүй өргөн цар хүрээтэй юм. Монгол Улс маш том газар нутагтай, цөөн хүн амтай. Манай Батлан хамгаалах салбар бол нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хөдөө орон нутагт маш олон анги байгууллагатай томоохон салбар. Энэ том газар нутгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлын хүрээнд бид хөдөө орон нутагт байрлах Зэвсэгт хүчний анги салбаруудаа бэхжүүлэх, тэнд ажиллаж, амьдарч байгаа боловсон хүчнээ чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал алслагдсан орон нутаг гэдэг утгаар нь цалингийн зэрэглэлийг ялгавартай, ахиу тогтоох, нийгмийн хамгааллын асуудалд нь дэмжлэг үзүүлэх, туслах аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхэд нь туслах, газар тариалан, хүнсний ногоо, мод бут тарих, тариалахыг нь бүхий л талаар дэмжих, боловсролыг нь дээшлүүлэх зэрэг асуудлыг салбарын хэмжээнд шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа.
Түүнээс гадна Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад үүрэг чиглэл, ач холбогдлынх нь зэрэглэлээр үнэлгээ хийж, хүн амын нягтрал ихтэй газруудаас шилжүүлэн байршуулах, шаардлагатай тохиолдолд зарим анги байгууллагыг хөдөө орон нутагт шилжүүлэх ажлыг хийнэ. Мэдээж хүн амын үлэмж хэсэг нь оршин сууж байгаа нийслэлийнхээ аюулгүй байдлыг орхигдуулахгүй. Энэ ажлыг урт хугацааны туршид буюу тав, арван жил, цаашдаа тогтвортой хөгжлийн бодлогын дагуу шийдэгдэнэ.
"Хөдөөгийн сэргэлт" бол Засгийн газрын маш дэвшилттэй, далайцтай бодлогын асуудал. Иймээс салбар болгон үүн дээр бодлого боловсруулж байгаа. Манай салбарын хувьд бодлого нь тодорхой болсон. Одоо үүнийгээ дэс дараатайгаар хэрэгжүүлнэ. Бид “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлчихсон, хэрэгжилтийнхээ төлөвлөлтийг хийчихсэн. Салбарын хэмжээний асуудал ярихаасаа илүү улс орны хэмжээний ажилд дэмжлэг үзүүлэх боломж гэж харж байгаа.
Зэвсэгт хүчний хэмжээнд арваад Барилга инженерийн цэргийн анги байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид нь тайван цагт улс орны хөгжил дэвшил, стратегийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулах хуультай орон. Энэ хүрээнд хөдөө орон нутагт байрлаж байгаа анги салбаруудаа тухайн орны дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Аймаг орон нутгийн удирдлагаас санал санаачилга их ирж байна. Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Ховд зэрэг аймгуудад хийх ажил их байна. Ялангуяа, иргэдийг орон сууцжуулах, дэд бүтэц, дулааны станц, эрчим хүчний чиглэлийн ажлуудад Зэвсэгт хүчний алба хаагчдыг татан оруулж, зохион байгуулалтад оруулж, дэмжлэг үзүүлэх болно.
АДМИН








Нийгэм







