Ховд аймгийн Манхан сумын засаг атаман, биш ээ, засаг дарга Г.Лхагвасүрэн иргэнээ ташиж унагаад, тулааны хэллэгээр бол босоогоос хэвтээгийн залгаа хийж, хавирга сүвээг нь өшиглөж дэвсэлжээ. Дарга, иргэн иргэн хоёулаа согтуу байсан. Цэргийн баяраар зохиосон биллиардын тэмцээний үеэр ууж балгацгаан, зоригоо чангалцгаасан байсан байна. Ясан бөмбөгийн тэмцээн нь ясан нударга болсон зодоон олны нүдэн дээр болжээ. Архидалт зохион байгуулах, дарвих найрлахыг тас хорьсон засаг төрийн шийдвэрийг засрал хэрэгтэй засаг ноён тас зөрчсөн нь энэ юм.
Манж Чин улсын үед хошуу захирагч ардаа шаахайдаж банздан эрүүдэн шүүдэг байсан ч хуультай номтой байсан. Харин энэ удаа 21-р зууны ардчилсан Монголд хөдөөгийн уул талаар хууль ёс сахиулах үүрэгтэй төрийн төлөөлөгч нь суман ардаа барьж аван балбажээ. Сумын даргын хэлж буйгаар нь зодуулсан иргэн нь байнга гөлөг, янхан гэж өөрийг нь доромжилдог юм байна. Ядарсныг нь тэтгэж, задарсныг нь засах гэж сумын дарга хууль хэрэгжүүлдэг болохоос бус хувиараа арга хэмжээ авах ёсгүй. Манхан сумын дарга ах хүний ёсоор хоёр алгадаад тавьчихсан гэж биеэ өмөөрч байгаа ч гар хүрэх нь байтугай хэл амаар доромжлох, ялгаварлах ч хуультай журамтай цаг үе юм. Сумын дарга нэртэй сумын атаман Г.Лхагвасүрэнд зодуулсан иргэн Н нь хавирга гэмтэлтэй гэж мэдүүлэн, гэртээ хэвтэж байна. Засаг даргыг хэн засах вэ? Сумын дарга уу, сумын атаман уу? Монгол бол эхнэрээ зодсон гишүүн, эмэгтэй хүн алгадсан аймаг, дүүргийн дарга нарын хэрэг явдал тасардаггүй хэрүүлтэй зодоонтой орон билээ.
АДМИН







Нийгэм







