Dark Light
Нийгэм | 2023-03-26

Шүгэл үү, матаас уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хаалттай баримтууд, бүдэг бадаг мэдээллийг ил болгон, нүд нээгдэж, чих онгойж нээлттэй нийгмийн зүг бага багаар ахиж байгаа ч  тэр бүхэн нь туйлшран бухимдах, хараан зүхэх, хувийн хонзонгоо тайлан бахаа хангах далим биш юм. Засгийн газраас зарласан авлигатай тэмцэх шил, шүгэл, шүүр, шилжүүлэх авах, шувуу ажиллагаа гэж юу вэ? Жишээ нь шүгэл бол нийтийн, бусдын язгуур эрх ашгийг хамгаалж үлээх тэмцэл. Нийтийн төлөө шүгэл үлээсэн, шударга эх оронч царайных нь цаана  хувийн хонзон, өчүүхэн хорслоо тайлах далим шалтгаан биш юм.  Гэтэл хүн хоорондын хувийн элдэв маргаан будилаанаа шүүхээр шийдүүлэхийн оронд шүгэл нэрийн дор нэг нь нөгөөгөө матах, бөгсийг нь ухах, уралдаан болгох санаархал нэг биш гарч эхэлж байна. Өмнөх нийгмийн өнгөтэй өөдтэй яваа нэгэндээ хорсон атаархаж, нэргүй матаасаар намын хянан шалгах хороо, дотоод яаманд ховлож ольдог хогийн явдлаас шүгэл, шүүр, шилэн ажиллагаа эрс өөр юм.  Улсын эдийн засаг, өр зээл, төсөв татвар, байгаль орчин, хууль ёс, нийтийн эрх ашигт хорлонтой зүйлийг харанга дэлдэн илчлэх нь шүгэл болохоос “Энд нэг муухай амьтан байна шүү, пүү паа, бариад аваарай, хөөш” гэх нь шүгэл биш.  

Өнгөрсөн 7 хоногт Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгоход Х Богдын аав зээлээр сурсан байна гэж онилон буллидлээ. Ч.Алтаннарыг хэдэн жилийн дараа эхнэрээс нь Х Богд төрж, аав нь болох юм байна гэж зээл олгоогүй. Төрийн шагналт математикч, дэлхийд данстай эрдэмтэн, МУИС-д багшлан сурсан мэдсэнээ Монголд зориулж, гэрээний үүргээ биелүүлж төлбөр нь төлөгдсөн. Элдэв санг ил тод, хэн бүхэнд эрх тэгш, илүү нээлттэй болгох нь зүй боловч гадаадын сургуульд өөрөө тэнцсэн, Монголдоо ажиллаад биеэр эсвэл мөнгөөр нь буцааж төлсөн, эгэл жирийн айлын, лангуун дээр наймаа хийдэг хүний хүүхэд хүртэл сошиалаар барьж идүүлэх махан идэш биш. 

Нийтэд ил болгож байгаа мэдээлэл нь бүрэн дүүрэн, биелэлт хэрэгжилт нь хүн тус бүр дээр тодорхой байх хуультай, журамтай.  Хөгжлийн банкны сонсголоор олон зүйл ил тод байгаа боловч авсан зээлээ зориулалтаар нь ашигласан, буцааж төлсөн, ажлаа хийсэн компаниудыг мөрийтэй тоглосон, хувиараа үрсэн, өр тавиад бултсанаас нь ялгаж салгаж байхгүй бол феодал сөнөтүгэй гэдэг шиг бүгдийг нь үзэж ядаж, хорслоо тайлан, коммунизм руугаа буцаад алхах буруу эргэлт биш билээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10