Dark Light
Нийгэм | 2023-03-28

Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж тооцно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэхэмжлэгч Б-ээс иргэн Ц-д холбогдуулан “… иргэн У болон Ц нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Б нь иргэн У-д 2 өрөө орон сууцаа худалдаж, орон сууцны өмчлөх эрхийг У-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч У нь орон сууцны үнийг гэрээний дагуу төлөөгүй, улмаар уг орон сууцыг иргэн Ц-д барьцаалж зээл авсан боловч зээлээ мөн төлөөгүй байна.

Нэхэмжлэгч Б цагдаад гомдол гаргасны дагуу У-д эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхээс түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. 

Анхан шатны шүүхээс “… иргэн У нь нэхэмжлэгч Б-г залилан мэхэлсний үндсэн дээр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул тухайн хэлцлийн үндсэн дээр У болон хариуцагч Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц-ийн гомдлоор хэргийг хянаад, “ … иргэн У нь нэхэмжлэгч Б-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар 2 өрөө орон сууц У-ын өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд У өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн У хариуцагч Ц нарыг барьцааны гэрээ байгуулах үед дээрх орон сууц У-ын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд уг бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг Ц мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул Ц-ийн хувьд бүртгэл үнэн зөв” гэж дүгнэв. 

Иймд, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, Б-ийн нэхэмжлэлээр, иргэн У, Ц нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19