Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулиудын XII ангийн сурагчдад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах арга хэмжээг Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажилтай уялдуулан зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга А.Наранцэцэг нарын албаныхан оролцсон юм.
Ахлах ангийн сурагчдад Батлан хамгаалах салбарын хууль тогтоомж, хугацаат цэргийн алба хаахын давуу талуудын талаар мэдээлэл хийж, эх орныхоо өмнө хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломж нээгдэж байгаад баяр хүргэлээ.
Тодруулбал, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Цэргийн үүрэгтний үнэмлэх гардан авснаар эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлагатай үүрэг хүлээсэн иргэн болж байна гэсэн үг. Энэ бол бахархам бөгөөд хариуцлагатай үүрэг. Үндсэн хуулиа дээдлэн иргэний үүргээ биелүүлэн эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцох их үүрэг таны өмнө ирлээ” хэмээн амжилт хүсэж байв.
Үнэмлэх гардуулах ёслолын үеэр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн үйл ажиллагааг сурагчдад сурталчилсан нь тэдний цэргийн албаар бахархах үзлийг улам батжуулж чадсан юм.
АДМИН








Нийгэм







