Dark Light
Нийгэм | 2023-04-02

Мафитай кино шиг 7 хоног

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ука, Учка, хуруугүй, няд гэх зэрэг элдэв янзын эн хочит, тэр хочит эрүүгийн бүлэглэлийн өдүүлсэн ноцтой гэмт хэргийн тухай үс босом, зүрх зүсэм, нүд халтирам мэдээнүүд цуварлаа. 

Хятадууд Монголын баялгийг булаалдаж, Монголын хуульчид, Монголын хулгайч нар, Монголын улс төрчид түүн дээр нь ажилладаг хэрэг явдал гарсаар байна. Хоёр хятад Дундговийн Салхитын мөнгөний ордыг булаацалдахад Монголын хуульчид олз шүүрэхээр оройлон ажиллаж, УДШ-ийн шүүгч асан Л.Бямбаа амиа амиа егүүтгэж, шүүгч хүү С.Төмөрбат нь хилээр гарч зугтсан. Энэ удаа Сүхбаатарын нүүрсний уурхайн төлөөх зодоонд Монголын хулгайч нар зэвсэг барин, улс төрчид нь хор найруулан оролцсон байна. Хятадын иргэн Жэн Чуанг, Вэн донг, Эрдэнэтогтох нарын захиалгаар “Ука” хочит Л.Алтанхуяг гэгч орон шоронгоор дамжсан 20 гаруй этгээдийг толгойлон, шүдээ хүртэл зэвсэглэн очиж, “Андын Илч” компанийн өмнөх захирал өвөрмонгол эмэгтэй Туяа, Энхбаяр, туслан гүйцэтгэгчдийг нь айлган сүрдүүлж, алж талахаар заналхийлжээ. Баянцогтын уурхайн “Андын илч” компанийн 51%-ийг өмчлөгч хятадууд, маргаанд 49%-ийг төлөөлдөг Сүхбаатар аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар хутгалдан оролцсон баримтууд сөхөгдлөө. Туяа нарын 6 тэрбум төгрөгийн хөрөнгөө оруулсан 51 хувийг булаан авахын тулд өөрсдөд нь мэдэгдэлгүй гэрчилгээ гаргуулж, Монголд хууль байхгүй, дарга нарт нь мөнгө өгчихөд болно гэж улаан цайм хэлдэг гэгдэж буй хятадууд эрүүгийнхнийг хөлсөлсөн юм байна.   

Ука хэмээх Л.Алтанхуяг хөлс мөнгөөр бусдыг бүлэглэн зэвсэглэн айлгадаг, хүчирхийлэн дарамталдаг шар үс босгож, чих дэлдийлгэсэн хэрэг нэгээр тогтохгүй. Э.Сумъяажаргал гэдэг эмэгтэйн захиалгаар Хулансамбуу, Батцэнгэл, Ууганзаяа нарын 15 этгээдтэй бүлэглэн, Б гэдэг хүнийг буудалд аваачин зодож, бэлгийн дур хүслээ ёсон бусаар ханган хүчиндэж, орон сууцных нь эрхийг хүчээр шилжүүлсэн байна. 

Ука гэгчээс гадна бас Учка гэгчийн бүлэг Зүчи зочид буудлын гадаа иргэнээс мөнгө, эд зүйлс нэхэн дарамталж, бүхэл бүтэн Лексус 570 машиныг нь дээрэмдэн авч явжээ. Эрүүгийн цагдаа зандалчдын бүлгийг баривчилж, буу, хутгыг нь хураан авсан байна.

Мөн М.Батлхагва, няд хочит Э.Батболд, аймгийн арслан Б.Батхуяг нар тэсэрч дэлбэрэх бодис ашиглан зөвшөөрөлгүйгээр аймаг дамжин, алт ухаж, авлига өгч, компанийн захирлуудаас мөнгө нэхэн, оршуулгын газарт аваачин дарамталж хутгалсан есөн шидийн гэмт хэрэг үйлдсэн бүлгийг мөн баривчилсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10