Dark Light
Нийгэм | 2023-04-16

Улсаараа нийлж байж тэтгэвэрт нь суулгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарын тэтгэврийн хөгшчүүдийг улс хотлоороо шахаж шаардаж, гуйж гувшиж, “Тэтгэвэртээ гар!” хөдөлгөөн өрнүүлж байж сая нэг жинхэнээс нь гавьяаных нь амралтад явууллаа. ЗГХЭГ-ын дарга, Шүүр ажиллагааг ахлагч Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс явж өгдөггүй Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарын өндөр цалинтай өвөө нар одоо л нэг үр ачаа тойруулан гэртээ суухаар болж буйг мэдлээ. Д.Амарбаясгалан 7 хоногийн өмнө Н.Багабанди гуай, Х.Бадамсүрэн гуай нарын асуудал удахгүй тодорхой болно гэж хэлж байсан юм.

Шүүр ажиллагааны явцад 6161 тэтгэвэр авагч төсвөөс цалинжиж байгаа нь илэрсэн байна. Тэтгэвэр дээрээ цалингаа нэмэрлэгч ахмадууд бүгд дуртайдаа ажиллаагүй, урилга заллагаар хувь нэмэр болох зайлшгүй учир шалтгаан бий учир шүүрийн үс бүдүүн биш нарийн байж, ялгаж салгах ёстойг амьдралын бодит үнэн нотолж байна. Жишээ нь, хөдөөгийн сургууль багш нарынхаа 30 хувийг тэтгэврээ тогтоолгосон үндэслэлээр шүүрдэх аргагүй. Сумын эмнэлэг туршлагатай сайн эмчээ шүүрдчихвэл хотоос ирэх залуу эмч олдохгүй. ТҮК-ийн шар хантаазтангууд  цэвэрлэдэг болохоос бохирлодоггүй. Тэд Н.Багабанди гуай шиг долларын цалин авдаггүй, тэтгэврийн хэд дээрээ багахан цалингаа нэмэрлэдэг. Хамгийн гол нь оронд нь ажиллаж, гудамж цэвэрлэх залуу хүн олдохгүй, Солонгосын визний эрэлд хатаж яваа юм. Шүүр ажиллагаагаар  ирсэн нэрсийн жагсаалтыг бөөндөж биш ширхэглэж, бүхэлдэж бус нэг бүрчлэн нягталж 7 хэмжиж нэг огтлохыг амьдрал шаардаж байна. Хүссэндээ биш хүсэлтээр ажиллаж байгаа туршлагатай эмч, багш, орлох хүнгүй ахмадууд, ТҮК-ийн ажилчид зөндөө байгаа юм. Харин авлигын хэрэгт холбогдсон, шалгалт өгөлгүй тооноор орж суусан түшмэлүүд өчиггүй шүүрдүүлж эхэлжээ. Шүүрийн үсэнд өртсөн, гаалийн 160 гаруй байцаагчийн зарим нь авлигад шалгагдаж байгаа, шалгалт өгөөгүй хэсгийг цэвэрлэж эхэлсэн юм байна.   

Шүүр ажиллагаа улмаар төрийн албыг өөрчлөн байгуулж, ре-инженеринг хийхэд шилжиж байж үр дүнд хүрнэ. Ганц удаа шалгалт өгч ороод, насаараа ажил ч хийдэггүй, ажил хийдэггүй учраас алдаа гаргадаггүй, хоногоо хурааж, суудал бөглөж, цагаа бүртгүүлдэг бүтээмжгүй төрийн албыг тогтолцоогоор нь өөрчилж байж дэвшил гарна. Төрийн зарим албанд орохын тулд төрд 5 жил ажилласан байх ёстой болдог. Төрд 5 жил ажиллаагүй хүн яаж төрд анх ажилд орох вэ? гэдэг бол монгол оньсого. Амжилт, зэрэг дэв, туршлагыг нь дүйцүүлэн тооцохгүй бол хоног хураасан нь хожно. Улсын начин хүн бакалавр учраас гологдож, сумын начин магистрын хавтастай учраас сум, аймагтаа шилэгддэг. Эцэг эхчүүд сумын цолтонд биш улсын цолтонд хүүхдээ өгмөөр байдаг. Анхаар! Төр шүүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10