Шүүр гэснээс хаана хог шороо байгааг мэдэх шил ажиллагаа мөн онц чухал юм. Нүд үнэн, нүцгэн үнэн гэдэг шиг “Шил” ажиллагаагаар төрийн байгууллагуудыг нүдний өмнө нүцгэлэхийг олон нийт хүсэж шаарддаг болоод байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал долоо хоногийн эхний өдөр аль нэг санг дэлгэдэг, ямар нэг нууц хаалга онгойлгодог болоод байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 мянга, дархан цаазтай, тусгай хамгаалалттай бүсэд хэн хэнд газар олгосон, ХАА-н санг өрөнд оруулж, өтөнд бариулсан түүхийг shilen.gov.mn-нд орж харж болно. Харахад амар, уншихад энгийн болгон, төрийн 5500 гаруй байгууллагуудыг дэс дараалан нүцгэлж эхэлсэн. Бүсгүй энэ дугаарт цамцаа тайлсан, ирэх 7 хоногт өмдөө тайлна гэсэн реклам хүлээлт үүсгэдэг байсан шиг ХАА-г дэмжих сангаас зээл авсан 6000 гаруйг дэлгэсэн , одоо үлдсэн 4000 орчмыг нь хэзээ гэрэл цохиулах вэ, 52,4 тэрбумын өр илэрлээ, одоо бүх 219 тэрбумын өрийн тулмууд хэн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж хүлээдэг, бүр анаж байгаад үздэг хардаг болоод байна. Хөгжлийн банк, нүүрс, гоё нэртэй муухай сангуудын дээрэм тонуулыг болоод өнгөрсөн хойно нь мэдэж харамсан, амаа барихгүйн тулд барын зулзагыг бага дээр нь багалзуурдана, өр зээлийг нь өөрсдөөр нь төлүүлнэ. Хаалттай нууц мэдээллийг хардаж таамаглах хэцүү, үнэнийг харах үзэх нь амар. Сураг ажиг тавих амаргүй, судалж мэдэхэд үнэнийг танихад хялбар. Хардах эрхээс илүү харах эрх моодонд орвол Үзвэл үнс болдоггүй үнэн бодитой, өнгө графиктай, фокус томруулагчтай мэдээлэл завгүй хүмүүст зохимжтой байна. ЦХХХ-ны сайд Н.Учралын хэлснээр өнгөрсөн оны 12-р сард бичиг явуулж, мэдээллээ ирүүлэхийг шаардахад 38 агентлагийн 20 нь, 21 аймгийн 12 нь таг гөлийгөөд өнгөрч байсан бол Шил ажиллагаа зарлагдаж, нийгмийг шахаад эхлэхээр хурдан тайчаад дэлгээд өгөөч гэдэг хүсэлт эрс өссөн юм байна. Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, 6-р сарын 1-нээс өмнө нийтэд ил болгох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гурван үсэгтэй байгууллагад өгнө, албан тушаалтай нь ярина гэснээс хойш төр нүцгэрч, дарга шалдан байх сонирхол суга өсжээ. Нээлттэй нийгэмд нийтийн албан тушаалтны төрсөн бие нь үүрэгт ажил, бодлого, шийдвэр, үр дүн ил тод, нүцгэн шалдан байх ёстой. Төр нүцгэрч байна. Төр түмэн нүдтэй, төрийн тэргүүн У.Хүрэлсүх хоёр нүдтэй. Төр нүцгэн бол түмэн олон амгалаан гэж.
Нийгэм | 2023-04-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







