АНУ, Их Британи, Африкийн холбоо, Арабын улс орнууд гал зогсоохыг уриалсан ч Суданы сөргөлдөгч талууд саналыг үл хайхарч мөргөлдөөнөө үргэлжлүүлсээр байна. НҮБ-ын мэдээлснээр хагас цэрэгжүүлсэн “Шуурхай дэмжих хүчин” болон армийн цэргүүдийн хооронд өнгөрсөн бямба гарагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас одоогоор 200 орчим хүн алагдаж, 2,000 орчим хүн гэмтэж шархаджээ.
Суданы армийг шилжилтийн үеийн бүрэн эрхт зөвлөлийн удирдагч генерал Абдель Фаттах аль Бурхан тэргүүлж байгаа бол нөгөө талаас “Шуурхай дэмжих хүчин”-ийг шилжилтийн үеийн бүрэн эрхт зөвлөлийн дэд удирдагч генерал Мохамед Хамдан Дагало командалж байгаа ажээ. Зэвсэгт мөргөлдөөн Суданы нийслэл Хартум хотын олон улсын нисэх буудал, Ерөнхийлөгчийн ордон, армийн удирдах төв байранд төвлөрсөн байна.
Хартум дахь Европын холбооны бүрэн эрхт элчин сайд Айдан О’Хара зэвсэгт халдлагад өртсөн тухай мэдээлжээ. АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга Жон Кирби сөргөлдөгч талуудын аль алинтай нь холбоо барьж урьдчилсан болзол тавилгүйгээр галаа зогсоохыг уриалсан ч авч хэлэлцэхгүй байгаа талаар мэдэгдсэн байна.
Армийг удирдаж буй генерал Бурхан “Шуурхай дэмжих хүчин”-ийг босогчдын бүлэг гэж мэдэгдээд байгаа бол тус хүчнийг удирдаж буй генерал Дагало Бурханыг энгийн иргэд рүү агаараас довтолсон радикал исламист хэмээн буруутгажээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хартумын зэргэлдээх Омдурман хотод даваа гарагт цэргийн онгоцнууд хэт доогуур ниссэн байна. Гэрчүүдийн хэлснээр хотын төвд нас барсан хэдэн арван хүний цогцос харагджээ. Мөн агаарын довтолгооны үеэр оюутан сурагчид сургуулиасаа гарч чадахгүй нуугдсан хэвээр үлдсэн байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас эмнэлгүүдэд нэн шаардлагатай хэрэглэл, хэрэгслийн ханган нийлүүлэлт тасарч олон зуун өвчтөнүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Эх сурвалж: The Guardian
АДМИН








Нийгэм







