Dark Light
Нийгэм | 2023-05-07

Манжин байхад махаар яахав, манай дарга махны үнээр яах вэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гишүүд юмны үнэ мэдэхгүй байгаа нь хүндээ биш тогтолцоондоо байна. Ямар тоглоомын дүрэмтэй байна, яг тийм хүнийг төрүүлдэг шоглоомтой. Мах, талхны үнэ яг таг мэдэхгүй  байж болох ч ядаж баримжаа ч байхгүй, бүтэн оронгоор нь андуурдаг хүмүүсийн шийдвэр байгаа яаж онох вэ? Үндсэн хуулинд УИХ-ын гишүүнийг ард түмний элч гэж заасан боловч амьдралаас тасран холдож, албан тасалгааны цонхоор л хаа нэг шагайдаг хүмүүс ордонд суудаг болсон нь сонгуульд өнгө мөнгө хүчтэй байгаагаас үүдэлтэй. УИХ-ын нэг тойрогт 3-5 тэрбум төгрөг зарж цацаж гардаг учир гишүүд бага ард түмэн үү, баячуудын цуглаан уу? УИХ бага ард түмэн мөн юм бол хотын хүн амын 60 хувь болсон гэр хорооллын иргэн ядаж ганц удаа сонгогдсон бил үү? 300 мянган малчинтай ч хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гэдэг хүн 1992 онд сонгогдсон тохиолдол 31 жилд ганцхан байна. Приустэй бүү хэл дунд гарын машинтай гишүүн ховор. Бандгар хар машин, 9911…дугаар, хурдан морины эздийн VIP клубынхэн ард түмэн, амьдралын үнэнийг олж харах нүдгүй байх нь мэдээж. 

“Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй” гэдэг Үндсэн хуулийн заалт өнгө мөнгөний сонгууль ноёрхсон 31 жил мөнгөтэй нь сонгогдох эрхтэй, мөнгөгүй нь сонгох эрхтэй гэмээр байдалтай өнгөрлөө. 

УИХ-ын гишүүдийг нас, хүйс, хэрэглээ, утасны дугаар, хүүхдүүдийнх нь сурдаг сургууль зэрэг өгөгдлүүдийг нь нэгтгэж, нийтлэг хөрөг гаргаж үзвэл мах, гурилын үнэ баримжаалах ч аргагүй, төлөөлөгч биш дарга нар гэдэг нь тодорхой байна. Монгол Улсын ИХ Хурлын гишүүн 55 настай, эрэгтэй, том хар жийптэй, 150 м2-аас том орон сууцтай, газартай, мал хуйтай, 9911…дугаартай, компанийн хувьцаатай, хүүхэд нь хувийн өндөр үнэтэй сургуульд сурдаг юм байна.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, 3-5 тэрбумын мөнгөний босготой 76 тойргийн мажоритар сонгуулиас гадна мөнгөгүй ч гэсэн Монголоо засах мэдлэг чадвартай, янз бүрийн бүлгийг төлөөлж чадах хүмүүс гишүүн болж байж төрийн хараа мэргэн болно. Манай тойрогт дэвшсэн хэдэн хүнээс  аргагүйн эрхэнд сонгох нь сонголт гэхээсээ тулгалт. Хэрвээ аль нэг намын жагсаалтанд эдийн засагч дефакто Жаргалсайхан, хуульч, академич Р.Нарангэрэл нарын зэрэг хүн нэр дэвшвэл сонгох хүн олон гарна. Ардын ардчилсан төрийн наадамд ардын хүүхдүүдэд гарч болохгүй юм уу? Ноёны бөх л түрүүлэх юм бол наадам хийгээд яах юм бэ?  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10