Авилгын эсрэг 5Ш хөтөлбөрийн “Шүүр”-ний үсэнд тэтгэвэртээ гарсан ч залуу үедээ зай биш лай болон, эвэр туурай зүүж, эрх дарх эдэлсээр байгаа, өндөр сандалд өнцөгдөн суугаа өвөө нар өртөж буйг олон нийт дэмжиж байна. Даам гарсан хэвээрээ байсан далан настнуудаас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабанди, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, металлын группын захирлаас Х.Бадамсүрэн нарын Ба-гаар эхэлсэн баахан Баба нарыг байдаг гэрийнх нь баруун хойморт нь залсан. Харин МУИС-ийн захирал 69 настай Д.Бадарч, УИХ-ын гишүүн асан 70 настай Р.Раш, УИХ-ын дарга асан, 81 настай Д.Дэмбэрэл нар гавьяаны амралтын насаа гавъяаны ажилтай хослуулан тунаж үлдээд байна. Төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг 65 байна гэж хуульлан зааснаас Д.Бадарч захирал насаар хэтэрсэн. Хоёр гүрж таксидсан тулдаа хэдийнээ хөдлөөд явчихсан галт тэрэгнээс ердөө 4 хөн минут хоцорлоо гэж баярладаг шиг Д.Бадарч заасан хязгаараас 4 хөн насаар хэтэрсэн гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үзсэн байж магадгүй байна. Сайд Л.Энх-Амгалан өөртөө төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч чөлөөлөгдсөн бол томилохгүй гэсэн хууль, өөрийнхөө баталсан журмыг хүртэл 69 машин шиг давж зүтгүүлээд, 69 тэй Д.Бадарчийг гараар манивалдсан юм байна. Д.Бадарч захирлын цалин сард 8-9 сая төгрөг байна.
82 настай Д.Дэмбэрэл гуайд дэлхийн хамгийн ахмад улс төрчдийн тоонд ордог Жо Байден, Дональд Трамп нар цагаан сар хийдэг бол очиж золгоно. Жо Байден улс төрийн алба хашиж байгаа бол Да.Дэмбэрэл төрийн албанд буйгаараа түүнээс ч сэргэлэн байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл нийтийн мөнгийг банкуудад алдах шийдвэрт гарын үсэг зурсан гэж МҮЭ-үүдийн холбооноос эсэргүүцэж байсан юм. Да.Дэмбэрэл дарга даатгадаггүй даатгалд даатгагдсаар байна.
УИХ-ын гишүүн асан 70 настай Р.Рааш төрийн өмчит “Тавантолгойн төмөр зам” компанийн ТУЗ-ийн гишүүнээр сард 1,6 сая төгрөгийн цалинтай сууж байна. Шилэн хэмээх Б.Цогтгэрэл тэтгэвэртээ гардаггүй өвөө нар Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарын талаар олонтаа шүгэлдсэн ч дэргэдэх эрдэнэ Р.Раш гуайгаа алгасч үлээсээр байгаа юм.
АДМИН








Нийгэм






