Та бүхэнд уйгагүй хөдөлмөрч, анхдагчийг бүтээгч цэргийн нэгэн бүсгүйг танилцуулах гэж байна. Өнөөдөр Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний дийлэнх олонхийг ахлагчийн алба бүрдүүлж байгаа билээ. Тэгвэл ахлагчийн алба дотроо тэргүүн ахлагч цол хүртсэн цор ганц мөрдэстэй эмэгтэй байдаг нь ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургалтын албаны ахлах мэргэжилтэн Цэрэнжамцын Оюунчимэг.
Өдгөөгөөс 6 жилийн өмнө буюу 2017 онд тэргүүн ахлагч цол хүртэж "Анхны эмэгтэй тэргүүн ахлагч" хэмээх алдрыг бүтээж байсан тэрээр гайхалтай нь саяхан дахин анхдагч болж чадлаа. Тэр юу гэхээр "Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалт, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр цэргийн сургалт, судлал мэргэжлээр цэргийн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан бөгөөд ахлагчийн албанаас төрсөн анхны цэргийн эрдэмтэн нь тэр болов.
Тасралтгүй хөдөлмөрлөж, шантралгүй суралцаж, эргэлт буцалтгүйгээр өөрийгөө дайчилж яваа тэрээр ийнхүү хоёр анхдагч түүхийн эзэн болсон нь уйгагүй хичээл зүтгэл бүрийн ард амжилт байдгийг батлан харуулжээ.
Тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг нь 2001 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас ажлын гараагаа эхлүүлж, 2002 онд АНУ-д Удирдлагын шатны дамжаанд явсан анхны таван ахлагчийн нэг билээ.
Тэрээр цэргийн хүний гэргий бөгөөд түүний хань хурандаа Г.Ялалт нь цэрэг армийг ард иргэдтэй холбох, төр захиргааг ард түмэнтэй холбох, цэргийн үүрэгтнүүдийг эх оронд нь дуудах, эх оронч үзэл хүмүүжлийг түгээх зэрэг хамгийн цаг наргүй ажил албыг хашдаг офицер юм.
АДМИН








Нийгэм






