Хаан Банк, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ болон Улсын гуравдугаар төв эмнэлэг хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос хойш оролцогч талуудын хүчин чармайлтаар урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй хэрэгжиж буй энэхүү аяныг 12 аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд аяны хүрээнд 600 гаруй эмч мэргэжилтнийг чадавхжуулан 19 мянган хүнийг үзлэг шинжилгээнд хамруулаад байна.
Цусны даралт ихсэлтийн эсрэг аян өдгөө олон нийтэд хэдийн танигдаж, орон даяар иргэд, харилцагчид бодит үр шимийг нь хүртэж, эрүүл саруул болсон жишээ цөөнгүй билээ. Тэгвэл урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлж буй аяны энэ жилийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 05 сарын 11-ний ХААН Банк цамхагт боллоо.
Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг сайжруулах, эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой эрүүл мэндийн аяны нээлтийн арга хэмжээний үеэр аяны оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг 6-р сарын 18-23-нд Дундговь, Өвөрхангай, 8-р сарын 20-24-нд Завхан, Говь-Алтай аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тус аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулдаг юм.
Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийгдэх юм.

АДМИН








Нийгэм






