Ш.Адьшаа гэж ашигтай юм бүхнээр овоглож хочлогдсон гэх үү нэг хүн байдаг. Гаальд ажиллахдаа бузрыг үл оруулж, буяныг эс гаргасандаа гаалийн Адьшаа гэх нэр хоч хүртсэн юм биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг түвэг нь хэлэгдэж бичигдсээр байгаад гаалийн гэдэг хочтой болсон Монголын суу заль төгс их хоёр гаальч байдаг. Нэг нь гаалийн Баатар, нөгөө нь гаалийн Адьшаа хэмээх гаалиараа гагнагдсан, гаалийн эр хоёр загал билээ. Гаалийн дарга Х.Баатар нь авлигын хэргээр 8 жилийн ял авсан ч гаалийн Ш.Адьшаа нь мултарч чадсан. Нэрт сэтгүүлч агсан Г.Дашрэнцэнг “Гаалиас төрсөн тэрбумтан” нийтлэлийнх нь төлөө Ш.Адьшаа шүүхэд өгч, торгуулах шийдвэр гаргуулсан ч өөрөө авлига өгсөн хэрэгтээ ял авсан. Г.Дашрэнцэн гуай “Надад гүтгэгдсэн гээд байгаа хүн чинь авлигын хэргээр ял авчихлаа. Би торгуулийн мөнгөө хаана тушаах вэ?” гэж ёжлон асууж байсан юм. Монголын шүүх нэг алхаараа Ш.Адьшаа авлигач биш гэж шийдсэн бол нөгөө алхаараа Ш.Адьшаа авлигач гэж тогтоосон байдаг. Хувийн UBmed эмнэлэгтээ магадлан итгэмжлэл гаргуулахаар Эрүүл мэндийн сайд агсан Г.Шийлэгдамбад авлига өгсөн нь нотлогдож, социализмын үед улсын яллагч явсан Ш.Адьшаа капитализмын үед улсаас ял аваад, Өршөөлийн хуулиар өршөөгдсөн.
Ш.Адьшаа адбиш олон янз. Гаалийн Ш.Адьшаа, МАХН-ын Ш.Адьшаа, АН-ын Ш.Адьшаа, зөвлөх Ш.Адьшаа гээд олон дүр байдлаар үзэгдэнэ. Зам тээврийн хөгжлийн сайд А.Гансүхийн орон тооны зөвлөх, Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх, Ховд аймгийн засаг даргын орон тооноос илүү ахлах зөвлөх гэх мэт. АН Ш.Адьшаатай болохын тулд аймгийн дарга нь ахлах зөвлөхийн орон тоотой болж байсан. Уг хүнийх нь мэргэжил нь хуульч, урдах дуудлага нь гаалийн боловч аймгийн даргын ажил төрлөөс, бүх төрлийн зам тээврээс бүр төрийн тэргүүн хүртэл зөвлөх юмтай, зөвлөлдөх сэдэвтэй байна гэдэг өөрөө гайхалтай биш гэж үү?
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гаалийн Ш.Адьшааг “төрөөс төрсөн тэрбумтан”-ы зүй бус эгнээнд зүй ёсоор онилон нэрлэсэн. Намайг төрөөс төрсөн тэрбумтан гэдгийг нотлоорой гэж гаалийн экс төрийн икс Ш.Адьшаа хэлснээр хэрэг явдал, баримт сэлт батлах мэт хөвөрсөн. Хөгжлийн банкны сонсгол болно, Ш.Адьшаа, Боловсролын сангийн зээлдэгчдийн нэрс гарна, ахиад л Ш.Адьшаа. Ховдод арьс шир, ноос ноолуурын үйлдвэр барина гэж Хөгжлийн банкнаас 6 тэрбум төгрөгийн зээл аваад оронд нь сэндвич босгосон. Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр үйлдвэрийнхээ оронд босгосон сэндвичийн зургийг өөрөө ч сайн ойлгохгүй байсан юм. Ш.Адьшаа яагаад зээл авсан, Ш.Адьшаа яагаад үйлдвэр биш сэндвич босгосноо Ш.Адьшаа сайн ойлгохгүй байна. Адьшаагийн хүүхдэдээ Торонтогийн Их сургуульд сургахаар 102 мянган доллар авсан ч төлөөгүй байна. Ш.Адьшаа өөртөө, хүүхдэдээ төрөөс зээл авч ирсэн боловч төрийн албан хаагчид цалин, орлогынхоо 80 хувиас илүү зээл авахыг хориглох тухай хууль санаачилсан юм. Ш.Адьшаа л зээл авч байх ёстой, Ш.Адьшаа авсан зээлээ яасан ч болно, бусад нь Ш.Адьшаа шиг байж болохгүй гэмээр хууль санаачилсан юм байна.
АДМИН








Нийгэм







