Dark Light
Нийгэм | 2023-05-14

Ганц сая төгрөгөөр Ланд-200 авах сан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Та илүү ч үгүй, дутуу ч үгүй яг ганцхан сая төгрөгөөр Ланд-200 машин авмаар байна уу? Брэндийн унадаг дугуйнаас хямдхан, хуучин Приус-20-оос 10 дахин бага үнээр Ланд-200 авбал яаж байна?  Unegui.mn сайт дээр 105-130 сая төгрөгийн ханштай байгаа 2013 оны Ланд-200-г ганц боодол 10 мянгатын дэвсгэртээр навс буулгаж авч чадвал ямар вэ? 25,7 сая төгрөгөөр засвар хийснийг нь бас мартаж болохгүй. 130 саяын машинд 25,7 саяар засвар хийгээд, 1 саяар болтол нь яаж 130-150 дахин буулгаж болдгийг Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар мэдэж байгаа юм. Аймгийн заан О.Амгаланбаатар машин техникийн маш сонин ченж гэдэг нь аудитын дүгнэлтээр батлагдаж, цог залийг бадруулагч, түмнээс төгөлдөр, харьшгүй хямдруулагч болох нь тогтоогдсон байна. Монголын зах зээлийн түүхэнд урьд хожид огт байхгүй үнэ ханшаар 33 машин зарсан, 33 тэнгэр шүтээнийг аргадагч, машид гайхамшигт, манлайн баясгалант, уран мэхт улсын тэргүүний ченж болсон байна.  Тоо хэрхэвч худлаа ярьдаггүй, Үндэсний аудитын газрын эрсдэлийн дүгнэлтэд элдэв уянгын халил огт үгүй. Төсвийн мөнгө ёолдоггүй, орон нутгийн өмч орилдоггүй юм байна. Жишээ нь, үлдэх хөрөнгө нь 8,7 сая гэж тогтоогдсон, 2014 онд авсан Ланд-80-ыг 500 мянгаар, 15,7 саяын, 2018 оны УАЗ Хантерыг мөн 500 мянгаар танил талдаа зарсан байна. 2020 онд орж ирсэн Соната-7-г 1,5 саяын үнэд хүргэн зарж чадсан хүн ажээ. 

О.Амгаланбаатар нэг аймагт 115 хүнийг хууль зөрчин томилж, ЗДТГ-ынх нь газар, хэлтсийн дарга нар бүрэлдэхүүнээрээ орлон тоглогчид, үүрэг гүйцэтгэгчид, бөхөөр бол бэлтгэл хангагчид болсон юм байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Т.Болдбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн газарт Т.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухаан,  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт амьдай Ж.Амгаланбаатар гэсэн үүрэг гүйцэтгэгч гурван баатартай. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг Алтанзагас гэдэг алтан загастай,  Санхүүгийн хэлтэст нь  мөнгө баялаг дуудагч баян Намсрай бурхны амьдай Намсрай үүрэг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны хууль, ТАЗ-ийн шалгалтыг таширдуулан давхардуулан зөрчиж байгаа ажээ.         

Аймгийн төвийнхөө А бүсийн нэг биш 12 барилгыг танил талдаа актлан худалдсан юм байна. О.Амгаланбаатар бээр уралдаан тэмцээн, баяр наадам хийх, тавилга сэлт авах, 2 зөвлөх ажиллуулах гэх мэт 368 сая төгрөг зарцуулсан байна. Төсөв, төрийн хэмнэлтийн тухай хуулийг давхраар нь зөрчиж 1,5 тэрбум төгрөгийн зөрчил гаргажээ. О.Амгаланбаатар нь АН-ын гишүүн, аймгийн заан, аймагтаа гэр бүл зохиох танилцах уулзалт мянган ээжээр сүү өргүүлэх зэрэг шоу энтертайнмент хөгжүүлж байгаа хүн юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10