Эрчим хүчний үнэ тариф өртгөөсөө доогуур байдгаас эрчим хүчгүй болж, өвөл бүр хөлдөх, өдөр бүхэн гал алдах аюулын ирмэг дээр байна. 2000-аар бүтээсэн талхаа 1500-гаар зарвал ямар ч эх оронч үйлдвэр дампуурна. Албан газарт 224 төгрөгийн өртөгтэй гэрэл цахилгаанаа 211 төгрөгөөр зарж байна. Айл өрхүүд 224 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 141 төгрөгөөр авдаг. 100 төгрөгөөр бүтээсэн бүтээгдэхүүнээ 45 төгрөгөөр зардаг салбар. Өнгөрсөн өвөл хотоороо хөлдөх аюулын өмнө чинээндээ тулсан ачаалал ирэх жил ахиад 7 хувь нэмэгдэхээр байна. Өнөөдөртөө алга ташуулдаг маргаашийг чинь хордуулах поп улс төр, 76 жалга довын сонгуулийн үр дагаварт үнэ чөлөөлж чадахгүй айж, нүүрс, уранаар баян Монгол Улс Орос, Хятадаас гэрэл тог мөнгөөрөө худалдаж авсаар байна. Тавантолгойн ЦС, 5-р цахилгаан станц, Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ууд цаасан дээр боссоор, ус голын лус, уул овооны савдаг судлаач нар, иргэний хөдөлгөөний бизнестэй иргэд, элдэв төрлийн эх орончдоос болж төсөл хөтөлбөрүүд гацсаар, Монгол гэдэг айл хөлдүү, харанхуйн ирмэг дээр хөдөлж чадахгүй суусаар байгаа юм. “Оюутолгой”-гоос гар сунгах газарт Тавантолгойн нүүрс байдаг ч цахилгаан станцгүй учир Хятадаас жилд 240 сая долларын тог авдаг. Оросоос мөн хэмжээний доллароор эрчим хүч авч баруун аймгуудаа хангадаг. Үнээс нь айсаар байгаад огт гэрэлгүй болж хөлдөх үү? Үнэ нь өссөн ч гэрэлтэй, дулаан байх уу? гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Дата, нэгж, интернэтгүйгээр байж чадахгүй ч үнэ нь эрүүл болохоор хэрэглээгээ хянаж болдог. Үүнтэй адил гэрэл цахилгаанаа хэмнэх үедээ хэмнэж хэрэглээд сурчихвал тог тасарч, хөлдүүс болохоос хамгаалагдана.
АДМИН








Нийгэм







