Хошин шогийн жүжигчин Н.Ариунболд 10 хүртэлх оноотой төрийн албан шалгалтад 1-4 оноо авсан, Хүүхэд залуучуудын театрын даргад тэнцсэн нь хошин үзүүлбэр, шог гараа болсон байна. Бооёо гуай эрх зүйн шалгалтад 10 оноо авахаас яг 1 оноо авч, ердөө 9 хөн оноо дутжээ. Улмаар дүн шинжилгээний чадвараар 10 онооноос бүхэл бүтэн 2 оноо авч, 8 хан оноо дутаж, санасныг бодоход сайн оролцсон юм байна. Монгол хэлний яриа, бичгийн чадвараар 10-аас 3 оноо, асуудал шийдэх дээр 10 авахаас 4 оноо авчээ. Дөрвөн шалгалтдаа бүгдэд нь унасан ч удирдан зохион байгуулах, багаар ажиллах, төсөв, хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага гэдэг х ярилцлагад 60 онооноос 54,20 оноо авч огцом өссөн учраас театрын даргын албан тушаалд тэнцжээ. Хүүхэд залуучуудын театрын дарга нь муу авсан мөртөө шалгалтдаа тэнцсэн тохиолдолд хүүхэд, залуучууд яах вэ? Хүүхэд залуучуудын театр бол Соёлын яамны асуудал, хүүхэд залуучуудын шалгалт бол БШУЯ-ны асуудал юм байна. Жүжигчин Ч. Ундрал Бооёотой харьцуулахад тус бүр 10 оноо авах ёстой 4 шалгалтынхаа 2-т нь 4, нэгд нь 3, монгол хэл дээрээ 7 оноо авсан байна. Ууяа нь Бооёогоо бодвол 3 муу, 1 сайн аваад, мөн л ярилцлагадаа огцом сайжирч, 53 оноо авч даргын ажилд тэнцжээ.
Төрийн албан шалгалтад муу авч босгонд бүдэрсэн хүмүүс тооноор орж дарга болж байхад улсын театрын уран бүтээлчид аж амьдралын аргагүй эрхээр алтан тайзаа орхиж, Солонгост барилга дээр, Монголд зах дээр хар бор ажил, худалдаа наймаа хийхэд хүрснээ харуулсан давлагаа сошиалд тархсаар байна.
Чойжин ламын сүм коммунизмын үеийг тэсэж гарсан ч капитализмын үед сөхөрч унах нь гэдэг айдас болгоомжлол олон нийтэд төрсөн ч урд хэсэгт нь газар дор сан хөмрөг, лаборатори, шоп байгуулах зураг төсвийг нь эцэслэн батлаагүй, судалж тооцоолж байгаа юм байна. Музейд тавигддаг олон улсын шаардлага, хууль дүрмийн дагуу сан хөмрөгийг нь хадгалах, сэргээн засварлах байгууламж газар дор барих нь зүй ёсны хэрэг боловч ард иргэдээс хүлээх итгэл бага байгаа учир энэ ажил таг зогсох нь илэрхий боллоо. Соёлын сайд Ч.Номин “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөл, төлөвлөгөө байхгүй болно” модон үгтэй, мохоо хэллэгтэй, түг таг хийсэн түргэн пост түгээсэн боловч олон нийтийн хардлага сэрдлэг арилахгүй үлдлээ. Соёлын сайд бүсгүй соёл гэж чухам юу ойлгодгийг Та бид сайн мэдэхгүй. Соёлын яамтай болсноор соёлын салбар яаж дэвжиж дээшилснийг мэдэхгүй. Үндэсний соёлоо өөрсдөө л сайн харж хянаж байх арга зам үлдлээ.
ТОГГ
АДМИН








Нийгэм







