“Соёлын сэргэлт – 2023” аяны нээлт өнөөдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, соёлын үрийг тарих нь тус аяны зорилго бөгөөд Соёлын яамнаас орон даяар зохион байгуулж байна.
Өвөрхангай аймаг бол үзэсгэлэнт байгальтай, баялаг өвтэй, Монголын төдийгүй хүн төрөлхтний түүхэнд тодрон гарсан алдартнууд олонтой бүтээн туурвихын эрчис хурсан онцгой газар нутаг билээ.
Үйл ажиллагааг нээж Соёлын дэд сайд М.Батбаяр:
Өврийн сайхан хангай нутгийн нэрийн хуудас болсон үнэт зүйлсээ хамгаалан, хөгжүүлж, нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийн орон зайд үнэлэмж өндөр байлгахын төлөө хариуцлагатай хүчин чармайлт нэн чухал хэмээн үгэндээ хэллээ.
“Монгол Улсыг дэлхий нийт юугаар таньж мэдэх вэ гэдгийг бид бодож үзэх ёстой. Эзэн Чингис хааны дайлаар мордсон түүхэн үйл хэргийн дараа Өндөр гэгээн Занабазарын туурвисан соёл урлагийн гайхалтай бүтээлүүдийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, Монголчуудыг сонирхон судалж байдаг. Улаанбаатар хотод байгуулсан Их Эзэн Чингис хааны музейгээр ороход Монгол хүн болж төрсөндөө омогшихгүй байхын аргагүй. Өв уламжлал, соёл урлаг гэдэг ийм хүчтэй хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ онцоллоо.
Аяны нээлтээр ЦЕГ-ын “Сүлд” чуулга болон Улсын филармонийн уран бүтээлчид тоглолтоо хүргэж, МЗЭ-ийн орлогч дарга, хэл шинжлэлийн ухааны доктор П.Нямлхагва “Монгол хэл Монголыг бүтээх нь” сэдвээр соён гэгээрлийн сургалт явуулсан юм.
АДМИН








Нийгэм







