Dark Light
Нийгэм | 2023-05-21

Э.Бат-Үүл хар толгойгоороо хариуцахгүй ээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигын эсрэг 5Ш хөтөлбөрөөс “Шил” ажиллагаа хамгийн их анхаарал татаж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал Даваа гараг бүрийн 11 цагаас хийдэг ээлжит мэдээллээрээ 20 жилийн туршид хотод газар олгосон баримтыг дэлгэлээ. Газар гэдэг үгийг үе үеийн хотын дарга нар үеэр нь тасалж га+зар буюу га-гаар нь зар гэж ойлгодог байсан гэмээр баримт сөхөгдөж байна. Хотын дарга нарын газар олголтын тэмцээнд М.Энхболд торгон жолоо өргүүлж, улсын баатар Э.Бат-Үүл цалин мөнгөн цом гардсан байна. Миний үед НИТХ-ын зөвшөөрлөөр газар олгодог байсан, намайг гүтгэж байна гэж мэдэгдсэн. Хэзээ, хэнд, ямар хэмжээ, хаана газар олгосон захирамжууд эвлүүлэг фотошоп биш гар хөлийн үсэгтэй, тамга тэмдэгтэй, цагаан дээр хараар буусан, цаасан дээр мөртэй үлдсэн баримтууд юм. Э.Бат-Үүл хар толгойгоороо хариуцахгүй цагаан толгойтой боловч  бултах аргагүй, булзах боломжгүй захирамжууд юм. Дунд голын дунд барьж байгаа усан парк нэртэй авлига хорооллын газрыг Э.Бат-Үүл ногоон байгууламжийн зориулалтаар сунгаж байсан бол Д.Сумъяабазар 2022 онд худалдаа, нийтийн үйлчилгээ газар, төв цогцолбор гэж өөрчилсөн захирамж гаргасан гэх зэрэг баримтууд ил болоод байна.

Шил ажиллагааны дараагийн анхаарал татсан мэдээлэл нь Боловсролын зээлийн сан. Монгол Норвег шиг болчихвол баларна гэж Ц.Даваасүрэн өөрөө үздэг бол Норвег Монгол шиг болчихвол баларна гэдгийг өөрийнхөө хүүхдэд авсан тэтгэлгээрээ батлаад байна. Гаалийн Ш.Адьшаа хүүхдийнхээ тэтгэлгийг маргааш төлсөн ч чадна, даанч төлчихөөр бүр буруутна гэж тоглосон шинжгүй хэллээ. Төлөх нь буруу, төлөөгүй нь зөв болдог зүй бус зүй тогтол байдаг юм байна. Т.Доржханд хүүхдийнхээ зээлийг намраас төлдөг ч юм уу гэж жинхэнээсээ бодож эхэлсэн юм байна. ХҮН намаас зээл авсан хүн олон байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нэг зээл авсан хүн миний төрсөн дүү юм байна лээ гэж хариулсан. Нэг их үзсэн, сонссон, жигтэйхэн таньдаг хүний  овог нэр жагсаалтад дунд байгаад байсан чинь өөрийнх нь төрсөн дүү нь байсныг сайд хожим мэдээд “Өө, миний дүү юм байна шүү дээ” гэж дуу алджээ. Тэгээд дүүгээ Булганы цагдаагийн даргаар ажиллаж байгааг санажээ. Сайд болсон ахтайгаа танилцсан  анхны хүн бол Булганы цагдаагийн дарга юм байна. Боловсролын зээлийн сангаас зээл авсан Д.Гарьдыг Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гарьд зээлээс чөлөөлсөн байна. Зээл олгогч Д.Гарьд дарга нь зээл авагч Д.Гарьдаас гэрээний биелэлтийг нь чин шударгаар шалгаад, би чиний зээлийг чөлөөллөө, чи миний зээлийг тэглэлээ гэсэн байна. Д.Гарьдаас Д.Гарьдад өгсөн бичигтэй Та сая танилцлаа.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19