Бид энэ удаад “Мина” гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмч М.Мишээлтэй ярилцлаа. Түүний хувьд их сургуулиа АШУҮИС-ийг эрүү нүүрний гоо сайхны мэс заслын эмчээр дүүргэж өөрийн гоо сайхны эмнэлгээ нээж олон хүмүүсээс талархал хүртээд буй залуу эмч юм. Бид түүнтэй амьдралыг үзэх үзэл, амьдралдаа баримталдаг зарчим, хувь хүний хөгжлийн тухай цөөн хором ярилцлаа.
М.Мишээл нь 2016 онд нүүр амны мэс засалч мэргэжлээр төгсөж шүдний эмчээр ажиллаж байхдаа Анагаах ухааны магистрын зэргээ горилжээ. Одоо тэрээр АШУҮИС-ийн Нүүр амны мэс заслын тэнхимийн багш, Мина гоо сайхны мэс заслын эмнэлгийн мэс засалчаар ажиллаж байна.

Ярилцлагын эхэнд анх АШУҮИС-д элсэн ороод хичээлийн эхний өдрөө тохиож байсан сургамжтай дурсамжаасаа хуваалцсан юм. Мөн анхны хагалгаандаа сандралтай байсан ч хийсэн хагалгаагаа хараад урамшсан тухайгаа ч хуваалцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу.
Сайн байна уу? Намайг Мишээл гэдэг. Би 1994 онд төрсөн. Эмч мэргэжилтэй. Одоогоор АШУҮИС-ийн Нүүр амны мэс заслын тэнхимийн багш, Мина гоо сайхны мэс заслын эмнэлгийн мэс засалчаар ажиллаж байна.
Эмч хүн таны бодлоор ямар байх ёстой вэ?
Манайх гэр бүлээрээ эмч мэргэжилтэй, тэр нь надад эмч хүний ёс зүйг бүрэн суулгаж өгсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл би хэдий хувьдаа өөрийн эмнэлгээ нээж үйл ажиллагаагаа явуулж байгаа ч эмч хүн хэзээ ч юмсыг зоосны нүхээр харж болохгүй. Үйлчлүүлэгчийг мөнгө гэж харж шаардлагагүй эмчилгээг өөрөөр хэлбэл маш гоё нүдийг засварлах хэрэгтэй гэж хэлж болохгүй.
Ярилцлагын өмнө та миний амьдрал тийм ч дардан байгаагүй гэж хэлж байсан. Энэ тухай дурсвал?
Манай амьдрал тийм ч хангалуун байгаагүй. Ээж минь намайг бага байхад Орос хэлний сургалттай үнэтэй сургуульд явуулдаг байсан. Одоо эргээд бодоход өрхийн эмнэлгийн сувилагчийн цалингаар тийм их хэмжээний төлбөр мөнгийг олоод хүүхдээ боловсролтой хүн болгох гээд зүтгэнэ гэдэг туйлын хэцүү л байсан байх. Би тэр үед ээждээ туслах гээд зах дээр бараа зарж, Англи хэлтэй байсан болохоор зун хөтөч гэх мэт ажлуудыг хийж байсан. Ээжийн минь надад хэлж байсан хамгийн сэтгэлд үлдсэн үг гэвэл “Хүн нэг юм аа л тултал нь маш сайнаар хийгээд сурчих хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэр үгийг би одоо ч ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлж явдаг.

Та юуг хамгийн их чухалчилдаг вэ?
Би хувь хүний хөгжлийг илүүд үздэг. Хувь хүний хөгжил гэхээр заавал хэрхэн баяжих, амжилтад хүрэх тухай бус хүн өөрийгөө тогтмол хөгжүүлж, өөрөө өөртөө байнга нэг зорилго тавьж байх ёстой. Зорилготой байж хүн түүнийхээ араас явна, түүний тулд хамгийн чухал нь хөдөлмөрлөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бид цаг агаарыг өөрчилж чадахгүй ч түүндээ дасан зохицдог шиг би бусад хүмүүсийг өөрчилж чадахгүй. Харин хамгийн хялбар арга нь өөрийгөө өөрчилж чадна. Хэрвээ өндөг гаднаасаа хагарвал амьдрал төгсөж, дотроосоо хагарвал амьдрал цэцэглэдэг гэдэг үг байдаг. Тиймээс хүн өөрийгөө дотроосоо өөрчилж чадвал миний тусгал бусдад ч зөв сайнаар тусна гэж гэж боддог.
Энэ амьдралдаа хэнд хамгийн их талархаж явдаг вэ?
Миний амьдралдаа хамгийн их талархаж явдаг хүн бол мэдээж ээж, дүү хоёр минь. Мөн миний багш. Учир нь манай багш нь намайг тэр олон оюутан дундаас онцолж өөрийн шавиа болгож чаддаг мэддэг бүх зүйлээ зааж сургасан. Мөн миний бодлоор хүмүүс дан ганц өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн юм шиг ярьдаг. Хүн байж байж л хүн хүнийхээ туслалцаатайгаар цаашид өсөж дэвждэг гэж боддог. Тэгэхээр би хэзээ ч зөвхөн өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн гэж хэлэхгүй. Учир нь миний амьдралд тусалж дэмжсэн маш их хүмүүс байгаа, намайг гээд зорьж ирээд надад итгэж үйлчлүүлээд гарсан маш их үйлчлүүлэгч нар байна. Тиймээс тэр бүх хүмүүст баярламаар байна. Мөн дэм дэмдээ амьдардаг хорвоо болохоор хүнээс битгий тусламж гуйхаас битгий санаа зовоорой, хүнд туслахаас битгий татгалзаарай гэж хэлмээр байна.

АДМИН








Нийгэм




