Dark Light
Нийгэм | 2023-05-24

Мартах ёсгүй хулгай бол НҮҮРСНИЙ ХУЛГАЙ!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газраас хэрэгжүүлж буй шил ажиллагааны хүрээнд Монгол улсын хэмжээнд 25 тусгай сан байгаагийн есийнх нь мэдээллийг ил болгоод байна. 

Нийслэлийн газар олголтын 20 жилийн архив, тусгай зөвшөөрлийн 15 мянган мэдээлэл, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан, Соёл урлагийг дэмжих сан, Авто замын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сан, Боловсролын зээлийн сан, Хүүхдийн төлөө сан гээд эрх мэдэлтнүүд үе удмаараа ард иргэдийн боломжийг, хувааж идсэн тухай баримтууд цахим орчинд хөөсөрсөөр байна. Хэдэн тэрбум, их наядаар хэмжигдэж буй энэ их хулгайн дунд МАРТАЖ БОЛОХГҮЙ ХУЛГАЙ бол нүүрсний хулгайн хэрэг. 

Монголчууд бид өнөөдрийг харж өнгөрснийг маргаашаа мартаж болохгүй. Өнгөрсөн өвлийн 20-30 градусын тэсгим хүйтэн жаварт 20 гаруй хоног нүүрсний хулгайн эсрэг төв төлбайд жагссан. Өнөөдөр хэн хариуцлага хүлээсэн бэ юу өөрчлөгдсөн бэ. Одоо араас нь баахан тусгай сангуудын хулгай. Зүгээр сошиалд хөөсрүүлээд өнгөрөх үү?  

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 04 дүгээр сард нүүрсний мафи улсын эдийн засагтай тэнцэх 40 их наяд төгрөгийг хулгайлсан талаар шүгэл үлээсэн.  Энэ хулгайг илрүүлбэл улсын эдийн засаг 2 дахин тэлнэ гэж мэдэгдсэн. Төр нүүрсний хулгайн асуудлаар 41 удаагийн ажлын хэсэг гаргаж шалгасан. Шалгаад л байгаа. Одоог хүртэл шалгаж л байгаа.

Үүнээс хагас жил гаруйн дараа буюу иргэдийн жагсаал цуглааны дараа АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй нэр бүхий 17 хүнийг шалгаж одоогийн УИХ-ын гишүүд болох Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нарын нэрийг зарласан. Эхэнд зарлагдсан энэ нэрс дундаас Ц.Сэргэлэн, Анандбазар нар нэрсээ суга татуулж яллагдагчийн жагсаалтаас гээгдсэн. 

Хамгийн сүүлийн мэдээллээр АТГ яллагдагчаар татагдсан хүний тоо 124 болж өссөн. Энэ 124 хүний 81 нь УИХ-ын гишүүд, хурган дарга нар байна. Улсын ерөнхий прокуророос Яллагдагчаар татагдсан долоон УИХ-ын гишүүнээс гуравынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан ч Н.Наранбаатарыг нийтээрээ хамгаалан авч үлдэж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин Мөнхбат гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гарган шалгуулж байгаа юм. Харин бусад гишүүд нь бүрэн эрхээр хамгаалуулж, төр түшилцэж, хууль санаачилж, үндсэн хуульд гар дүрээд сууж байгаа.  

Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн нүүрсний бизнесийг баримтаар дэлгэе! Мөн дээр нь хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдагийн үлгэрээр УИХ-аас байгуулагдсан нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах түр хорооны дарга болон гишүүд нүүрсний хулгайд хэрхэн холбогддог талаарх баримтыг хүргэх болно. 

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн 

Тэрээр УИХ-д сонгогдохоосоо өмнө БНХАУ-ын Хуафа Ложистик компанитай хамтран Ульган сар транс, Сан тээвэр групп, Баян говь транс, Тэнгри транс групп зэрэг компаниудыг эзэмшдэг байсан бөгөөд их хуралд сонгогдсоныхоо дараа дээрх компаниудынхаа нэрийг өөрчлөн эзэмшигчээр нь британийн Виржинийн аралд бүртгэлтэй Friendship and Fortune S Corporation гэх компанийг бүртгүүлсэн байдаг. Нэр зүсээ өөрчилсөн Адьяасүрэнгийн компаниуд одоо Эрдэнэс тавантолгой компаниас 504 автомашинаар БНХАУ-руу нүүрс тээвэрлэж байна. 

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 

Би тавантолгойгоос хүрз нүүрс ч аваагүй гэж мэлзэж байсан ч нүүрсний хулгайн хамгийн том акул байсан нь илчлэгдэж давхар дээлээ тайлж толгой дээгүүрээ нөмөрч байна. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэргээр яллагдагчаар татсан. Аюурсайхан хувийн бизнесгүй, сарын сая төгрөгийн цалинтай ч хэдэн тэрбумаар хэмжигдэх хурдан удмын адуун сүрэг, адууны жүчээ, амралтын баазынхаа эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй. Мөн МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо ТББ-ыг үүсгэн байгуулж тус төрийн бус байгууллагынхаа гишүүдийг эрдэнэс тавантолгойн газар хэлтсийн даргаар томилж, гэмт бүлэг үүсгэн гар хөлүүдээрээ нүүрсний хулгайн хэргийг гүйцэтгүүлж байсан байж болзошгүй гэдгийг хууль хяналтынхан шалгаж байна. 

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  

Тэрээр нүүрсний хулгайн хэргээр цагдан хоригдож байгаа Д.Ариунболдын гол хамсаантан байсан гэдэг нь баримтаар ил болсон. Товчхондоо Раднаасэд гишүүн тойрогтоо буюу Говь-Алтай аймагт очих бүртээ Ариунболдыг дагуулан очиж автомашин, мотоцикл, монгол гэр тараадаг байсны цаана  нүүрсний хулгайн мөнгө байш болзошгүйг хууль хяналтын байгууллага тогтоогоод байгаа юм. 

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 

Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ Д.Ариунболдыг Эрдэнэс тавагтолгойн гүйцэтгэх захирлаар томилж улмаар нүүрсний квотыг хятадын компаниудад дамлах зэргээр хөлжиж хөрөнгөжсөн хэрэгт холбогдсон. 

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 

Таван толгой компанийн ТУЗ-ын даргаар таван жил, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчаар дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил. Мөн Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил ажилласан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг хууль хяналтын байгууллагынхан нүүрсний хулгайн хэрэгт хутгалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллагдагчаар татаад байгаа юм. 

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 

Тэрээр Зам тээврийн сайдаар ажиллах байх хугацаандаа УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий Страто Их дэлгэмэл ингүүн зэрэг компаниудаас их хэмжээний авилгал авч Цогц-цэций-Чойр чиглэлийн 407км замыг эзэмшүүлэх тушаал гаргасан буюу нүүрсний хулгайн хэрэгт хамтрагчаар оролцсон хэмээн шалгагдаж байна. 

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 

Түүнийг Таван толгой компанийн ТУЗ-өөр хууль бус шийдвэр гаргуулан өөртөө 28,7 тэрбум төгрөгийн ноогдол олгуулсан. Дээрх мөнгөө өөрийн капитрон банкаараа дамжуулан иргэн, аж ахуй нэгжүүдэд хүүтэй зээл хэлбэрээр олгож, буцааж авах замаар угаасан хэрэгт холбогдсон. Бат-Эрдэнийн нүүрний хулгайн хэрэгт 61 хүнийг гэрчээр байцааж Өмнөговь аймгийн Засаг дарга Сэддорж тэргүүтэй 11 хүнийг, яллагдагчаар татсан байна. 

Энэ бол зөвхөн хуулийн хүрээн дэх үндэслэл цаашлаад хамаарал бүхий компаниуд нь Монголын баялагыг хэрхэн хулгайлж байгаа баримт сэлтүүд нэр устайгаа хөвөрнө. 

Бид эдийн засгаа, ирээдүйгээ тэр чигт хулгайлуулчихаад сошиалд хөөсрөөд л өнгөрөх үү. Элдэв сангуудаас илүү мартах ёсгүй хулгай бол нүүрсний хулгай. 

Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдагийн үлгэрээр УИХ-аас нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах түр хороог 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд ч мөн энэ хулгайн хэрэгт холбогддог. 

Түүнийг АТГ-аас Өвөрхангай аймгийн нарийн тээл суманд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит Баянтээгийн нүүрсний уурхайгаас хууль бусаар нүүрс гаргаж улмаар Улаанбаатар хотоор дамжуулан Чойр хүртэл автомашинаар зөөж Чойроор вагонд ачуулан БНХАУ-руу гарган худалдсан байж болзошгүй  хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.  

Энэ байдлаар нүүрсний нээлттэй сонсгол болох уу. 

Нүүрсний хулгайчдад Монголын төр хариуцлага тооцож чадахуу. 

Нэг нэгийхээ хармайнд хутгалдаж орцгоосон улс төрчдийн хөдөлшгүй баримтыг Эргэлт сэтгүүл дэлгэсэн. Товхондоо төрийн эрх барьж буй УИХ-ын 76, Засгийн газрын дан дээлтэй тав, нийт 81 гишүүний тэн хагас нь нүүрсний хулгайтай холбоотой. 

Мартах ёсгүй хулгай бол НҮҮРСНИЙ ХУЛГАЙ!!!  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10