Dark Light
Нийгэм | 2023-05-28

Сангуудад сан тавьж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тусгай сангуудыг нээх бүрд сан тавьж, хүж асаамаар мэдээ баримтууд ил болсоор байна. Олон олон сангууд зэрэг зэрэг нээгдэж номын сангаас бусдыг нь тоножээ гэлцэж байгаа. Үнэндээ бол номын санг ч тоносон. Ерөнхий сайд асан М.Энхсайхан Хүүхдийн номын сан гэдэг шовгор оройтой, 1960-аад онд баригдсан өвөрмөц гоёхон байшинг бүхлээр нь хувьчилж аваад Худалдаа хөгжлийн банканд зарсан. Худалдаа хөгжлийн банк номын санг нурааж ормон дээр нь 27 тэрбумаар шилэн барилга босгоод, 2 давхрыг нь Хөгжлийн банканд 27 тэрбумаар зарж өөрийнхөө байшинд оруулаад тонож орхисон. Хүүхдийн номын санг хувьчилж аваад зарсан М.Энхсайхан ял эдэлж байхдаа Хүүхдийн хориход номын санчаар ажиллаж байгаад суллагдсан нь сонирхолтой давхцал болжээ.   

Боловсролын зээлийн санг шиллэн нээж, шүгэл үлээгдэж эхэлмэгц 1,1 тэрбум гаруй төгрөгийн зээл 7 хоногт төлөгдсөн дүн гарлаа. БЗС-гаас гадна бусад сангуудын баримт, мэдээ ч олон түмнийг бухимдуулж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар гэх мэт байгууллага хэнд, хэзээ, хэрхэн хэдийг олгосон нь бүдэг бадаг, бүрхэг хаалттай байж ирснийг орхигдуулж болохгүй. ИНЕГ 2005-2022 онд 367 хүнд 11 сая доллар олгожээ. Сургуулиа төгсөөгүй 11, нисэхэд ажиллана гэж мөнгө авсан ч гэрээгээ умартсан 63 хүний нэр гарсан байна. ИОН-ын дарга Ц.Оюунгэрэлийн хүү,  Инфлюнсер, О.Мөнхжингийн койн хувьцаа эзэмшигч байсан Б.Идэр-Од ИНЕГ-аас 2006 онд 50 мянган доллар, өнөөгийн ханшаар 175 орчим сая төгрөгийн тэтгэлэг авсан нь анхаарал татна. Америкийн Канзасын их сургуульд нисэхийн инженерээр сурахаар татвар төлөгчдийн мөнгөнөөс 50 мянган доллар авсан  Б.Идэр-Од нисэхэд нэг өдөр ажилласан гэдэг баримт одоогоор байхгүй, Австралид ахиж сурахаар нисээд алга болсон гэдэг нь л хэн бүхэнд тодорхой байна. Хатагтай Ц.Оюунгэрэл өрөөл бусдаас нэхдэг үнэн шударга ёсоо өөрийн үр хүүхэд, ах дүүгээс эхэлбэл ямар вэ? Ц.Оюунгэрэлийн дүү Бат инженер хэмээх Ц.Бат ч ИНЕГ-ын 28 мянган долларын зээл авч Канадад сурсан байна. 

Боловсролын зээлийн санд олноороо анхаарч байгаагаас биш Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 58,2 тэрбумын авлагатай, үүнээс 18 тэрбум нь хугацаа нь хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн 18 тэрбумын 14,7 тэрбум нь үүд хаалгаа барьсан Оёдолчдын холбооны өр. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Санжмятав, ХХАА-н сайд Х.Баттулга нар 2013 онд гэрээ байгуулж, Оёдолчдын холбоо гэдэг байгууллагад 17 тэрбумыг зээлдүүлснээс 2,3 тэрбум нь  төлөгдөөд 14,7 тэрбум нь дашийн шог, дамрын утас болсон байна. Оёдолчдын холбоо гэдэг ТББ нь ч татан буугдаж, өгсөн хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай болсон байна. 

Монголын улс төрчид зүгээр байлгадаггүй 17-гийн тоо ийнхүү дахин сөхөгдлөө. 17 дугаар жаранд Монголын улс төрд гарсан 17 чингэлэг спирт, нүүрсний 17 хулгайч, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн гэдэг шиг 17 тэрбумыг сурагчийн дүрэмт хувцас оёулахаар олгож байсан юм байна.

Засгийн газрын 25 тусгай сангаас өнөөдрийн байдлаар 15-ыг нь нээгээд байна. Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг хүлээлт үүсгэсэн олон санд сан тавихыг олон нийт хүлээж байна. Тусгай сангуудад шиллэн нээж, хэрхэн тоносныг нь илчилж дэлгэхээс гадна хэрхэн яаж ил тод, эрх тэгш, илүү шударга зөв болгох шийдлээ хурдан гаргахгүй бол олон нийт бухимдаж, хэд хоног цаазал, дүүжил гэж уурласнаар юу ч өөрчлөгдөхгүй юм. Уурлаад өнгөрөхөөс илүү ухаан зарж өөрчлөх, харааж зүхээд мартах биш харьцуулж судалж шийдэх, шиллэж илчлэхээс гадна шинэчлэл шийдэл үгүйлэгдэж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10