Өнө эртнээс өртөөлөн уламжлагдсан өв соёл үндэсний бөхийг цол наймаацах найраа хуйвалдаан, шударга өрсөлдөөнийг боомилж, удмын санг устгах сэргээш хоёр сэвтүүлэн сэглэсээр байна. Улсын арслан Э.Оюунболд давахгүй гэсэн даваагаар гурав давж, сэргээш хэрэглэсэн нь 3 дахь удаагаа илэрч, насан туршдаа тоот бөхийн тоонд орж, торгон зодогтны эгнээнд дэвэх эрхээ хасуулж магадгүй боллоо. Аварга цолоо хураалгаж арслан дээр буусан Э.Оюунболдын цуснаас булчин томруулж, бяр тэнхээ нэмдэг эр бэлгийн дааврын гаралтай S1 бүлгийн сэргээш илэрсэн байна. Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн барилдааны үеэр авсан шинжилгээгээр илэрсэн анаболик стереоид нь батга шавах, хатги гарах, төмсөг агших, түрүү булчирхай томрох, догшин хэрцгий болгох гаж нөлөөтэй юм байна.
Элэгний эмч Ж.Хатанбаатарын хөвгүүдтэй хамт ажиллуулдаг Допингийн эсрэг үндэсний төв улсын төсвөөс жилд 500 гаруй сая төгрөг авдаг ч хаалттай, нууцлагдмал байдалд ажилладаг. Допингийн эсрэг үндэсний дүрмээ хамт боловсруулъя гэхэд татгалздаг. Хууль хяналтын байгууллагаас допинг хэрэглэсэн 30 гаруй бөх байгаа гэж зарлаж байсан ч одоог хүртэл нэр ус нь тодорхойгүй. Сэргээш хэрэглэсэн бөхийн зодоглох эрхийг 11 сар, 2 жил гэх мэтээр алагчилж ялгаварлан хасдаг, ямрынх нь толгойг илж, ямрынх нь толгойг бөхийлгөдөг нь тодорхойгүй. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд 11 сараар шийтгэх заалт байхгүй боловч Монголд л хэрэглэдэг гажиг хугацаатай. Допинг сэргээш ганц үндэсний бөх бус нийт спортод нөлөөлж, үндэсний дүрмээ шинэчилж, дэлхийн жишгээр ажиллаагүйгээс Монгол Улс олимпод оролцох эрхээ алдахдаа тулж байв. Олимпизм хариуцсан сайд, цагийг эзэлсэн шилдэг сэхээтэн, эрдэмт мэргэн сартваахь, Цагдаагийн дээд сургуулийг орой, эчнээгээр төгсөгч, англи, орос хэлтэй гэж өөрөө өөрийгөө тодорхойлогч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Та таалан болгооно биз ээ.
АДМИН








Нийгэм






