Улаанбаатар чуулгын танхимд сар гаруй үргэлжилж байгаа 80 гаруй холбогдогчтой Хөгжлийн банкны шүүх хурлыг сонин дээр нь соохолзож байсан бол одоо тоодог хүн ч ховордож, сонь нь буурахаар гоохолзоно гэгч боллоо. Хөгжлийн банкны хөнжил сөхөгдөж, шүгэл үлээгдсэнээс хойш 1 их наяд 80 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн. Өнөөдөр 2,4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 2,4 их наяд төгрөгийн үлдэгдлийн талаас илүү буюу 1,4 их наядынх нь хугацаа хэтэрсэн, улаан өнгөөр будагдсан өр авлага үлджээ. Эрлийн үзүүрт Эрдэнэбат болж “Эрэл” компанийн өр 204, хөвөрсөн утасны үзүүрт “Хөтөл”-д хүрч 381 тэрбум, “Бэрэн”-гийн бэлэн ам шалдан гуялсан өр 187 тэрбум төгрөг байна. Өрийн гурван их тулам, өтний гурван том хүүдийний төлөх ёстой төгрөг мөнгө 772 тэрбум. Энэ онд улсаараа төлөх бондын өрийн дутагдаж байгаа мөнгөтэй тэнцүү байна. 187 тэрбумын өртэй “Бэрэн” группийн зээлийн түүхээс дурдвал нэг удаа 10 сая, нэг удаа 20 сая төгрөг төлжээ. Өрийг нь харахаар 200 тэрбум шахдаг, төлснийг нь үзэхээр машины лизингээс ч багийг тушаажээ.
Хөгжлийн банк өнгөрсөн онд дотооддоо 1 их наяд 80 тэрбумын өр төлүүлж, гадаадад 1 их наяд 320 тэрбумын өр төлсөн байна. Энэ оны эцэст 730 сая долларын өр барагдуулна. Өрийн гурван их тулам Бэрэн, Хөтөл, Эрэлээр өрийг нь өөрсдөөр нь төлүүлэхгүй бол өмнөөс нь та бид талх авахад шингэсэн байдаг татварын хэдээ тушаана гэсэн үг. Өр лүү өшиглөсөн ширэн нүүрт гурван компанийн өр 772 тэрбум, улсаараа төлөхөд дутагдаж байгаа мөнгө 394 сая доллар байна.
АДМИН








Нийгэм






