Улаанбаатар марафоны 10, 5 км-ийн гүйлтээсээ илүү азын алтан дугаар нь дуулиан шуугиан дагуулсаар өндөрлөлөө. Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө гэгч нөхөр 07777 номер зүүж, гангараа болгох гэсэн биш нойл долоо гэх гайтай нэр зүүж үлдлээ. Нойл долоо, эсвэл нохой долоо, тэг тэгээд долоо долоо, бас долоо долоо гэх зэргээр аз биш эз, гайхамшиг биш гутамшиг дагуулж орхив. Марафон гүйлт нь эрүүл амьдралын хэв маяг сурталчилсан бол албан тушаалтнуудын азын дугаар эрүүл улс төр хэрэгтэйг сануулсан юм.
07777 дарга өөрөө бол өгсөн дугаарыг нь л авсан, “Ямар тоонд дуртай вэ?” гэж асуухаар 7-гийн тоон дуртай гэж хэлсэн хэмээн тайлбарласан байна. Гүйлтэд оролцох жирийн иргэн рүү яриад “Та ямар тоонд дуртай вэ?” гээгүй нь эндээс тодорхой харагдлаа. Дарга дуртай тоогоо л захиалан авч зүүж гангаран гоёж, гайхуулан тансагласан байна. Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй гэгчээр алдартай нэртэй тамирчдад хүндэтгэн олгодог дугаараар албан тушаалтнууд тансаглал хээнцэрлэл, таашаал зугаа нь нийтийн эгдүүг нэлэнхийд нь хүргэсэн юм. Алтан мөнгөн дугаарыг хүртэл ухасхийн алд биедээ, аюулхай цээжиндээ авч наахын ад дон буглаж шүглэх нь сайны ёс яавч биш муугийн ёр гэж хүмүүс санал бодлоо илэрхийлж байна. 07777 З.Төмөртөөмөө өөрөө бол ямар ч хохирол учраагүй гэж алтан дугаар наасан алд биеэ өмөөрсөн боловч ёс суртахуун, хандлага, соёлын хувьд бол нойл бөгөөд долоосон долдой явдал учраас л ард иргэд дургүйцлээ илэрхийлсэн байж таарна. З.Төмөртөмөө “Хүмүүс брэнд хувцас, тансаг хэрэглээгээр биш эрүүл амьдралын зөв хэв маягаараа гоёдог болсон сайхан цаг үе ирж байна даа” гэж хүүхдийн зурагтай пост хийснийхээ яг эсрэгээр азын дугаараар гангарсан байна. Дугаараас хүртэл дутаж чаддаггүй, тоо байсан ч шүүрдэг нь гэм биш зангаа татахыг олон нийт шаардаж байна.
Хот даргалахаасаа өмнө хотын иргэн болж төлөвших, хот удирдахаасаа урьдаар хотын соёлд суралцах ёстойг хот, хөдөөгийн хаана ч өсөж төрсөн хэн бүхэнд энэ явдал ёжлон сануулж, ёгтлон баталж байна.
АДМИН








Нийгэм






