Чөлөөт бөхийн холбооны удирдлагыг чөлөөлөхгүй бол чөлөөт бөх чөлөөгүй байна. Чөлөөт бөхөө чөлөөлж авъя гэж чөлөөтийн нэр нүүр болсон шилдэг тамирчид тэмцэж эхэллээ. Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Монгол”-ын Зэсийн группийн Ерөнхийлөгчөөс тэтгэвэртээ суухаар чөлөөлөгдсөн Х.Бадамсүрэн чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөхгүй байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө 50 сая төгрөгөөр өөртөө массажны зөөлөн сандал авхуулж гар хөлөө базуулдаг, жил бүр Лексус 570- сольж унадаг Ба-гаар эхэлсэн баба өвөө нар төрөөр тогтохгүй төрийн бус байгууллагуудыг хүртэл өмчлөн авч, суудал бөглөж байна.
Дэлхий, олимпоос анхны медалиудыг авч, үүсэж хөгжөөд 60 гаруй жил болж буй Чөлөөт бөхийн холбоо өнөөдөр 1,4 тэрбум төгрөгийн өртэй, тамирчдынхаа хөлсөө урсгаж, гадаадын тэмцээнээс авсан мөнгөн шагналыг нь замаас нь суутгаад авчихдаг. Бусад орны бөхчүүд бэлтгэлдээ анхаардаг бол манай тамирчид бадар барьж, гуйлга хийж, компаниудын үүд хаалгыг сахиж суудаг. Өөрсдөө бэлтгэлээ хийгээд, өөрсдөө зардлаа олоод, өөрөө өөрсдөдөө эмч болж, бие биедээ тариа хийгээд, өөрсдийнх нь авсан шагналыг нь өмнөөс авчихдаг холбоотой спорт. Чөлөөт бөхийн тэмцээнүүд зурагтаар гарах нь бүү хэл, заал танхимынхаа төлбөрийг өгөхгүй, ийш тийш бултаж зугтаж явдаг байна. Дэлхийн цомд эмэгтэй багийн авсан хүрэл медалийн дагалдсан мөнгөн шагналыг нь Дэлхийн бөхийн холбооны өрөнд нь суутгуулчихдаг, тамирчдад мөнгө биш мөнгөний тоо бичсэн том хуванцар хулхи пайз гардуулдаг. Олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа 2021 оны шинэ жилээр авсан пайзаараа амьдралдаа хэрэгтэй төлбөр тооцоо хийх гэхээр аль ч газар өнөөх самбарыг нь сохор зоосны хэмжээнд ч хүлээн авдаггүй. Мэргэжлийн зөвлөл гэх Б.Батбаярын толгойлсон жинхэнэ мэргэжлийн багш нараа оруулдаггүй, шигшээгийн дасгалжуулагчдынхаа саналыг ч авдаггүй, хууль бус бүлэглэл тэмцээний хуваарь, сорилт шалгаруулалтыг будилуулж давхцуулж, тамирчдаа хооронд нь холбох биш холдуулж хагалах ажлыг бол харин мэргэжлийн хийдэг юм байна. Тамирчингүй холбоо, холбоогүй тамирчидтай болсон, бөхчүүдээ шагнахгүй гэхэд шагналыг нь булаачихдаг газар болсон юм байна. Үндэсний эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч шууд оролцож байж, сагсан бөмбөг, үндэсний бөхийн холбооны хэрүүлийн бузрыг арилгаснаар амжилт нь өсөж, ажил нь дэвжсэнтэй адил чөлөөт бөхөд эвийн цавуу, илбэн тохинуулна үгүйлэгдэж байгаа юм.
АДМИН








Нийгэм






