Үнэгүй зүйл гэж хаа ч байхгүй. Тэр тусмаа МӨНГӨ. Гэтэл амархан баяжих, гэнэт хөлжих гэсэн хүсэл, шуналд автсан залуус мөрийтэй тоглоом, лайв сугалаанд байдагаа барж байна. Эхлээд авна, маргааш алдана. Нүдэндээ хожиж, нүгэл нь нүдээрээ гарч амьдралаа залгиулна. Эд хөрөнгө байгаа бүхнээ барьцаанд тавьж гэр бүлээ ч алдана, төгсгөлд нь амиа хорлосон тохиолдол ч цөөнгүй байна.
Архи цусанд, хар тамхи ясанд, мөрийтэй тоглоом чөмгөнд шингэдэг
Мөрийтэй тоглоомонд ялагч гэж байхгүй. Мөрийтэй тоглоом таны амьдралыг залгина гэдэг үгийг бүхнээ алдсан хойноо ухаардаг ч бүх зүйл ард үлдсэн байдаг. Бид жил гаруйн хугацаанд цахим мөрийтэй тоглоомонд донтож, эд хөрөнгө, амьдралаараа хохирсон иргэн Б-тэй ярилцсан юм.
Цахим мөрийтэй тоглоомын талаарх мэдээллийг анх хаанаас авсан бэ?
Анх ажлын хүмүүс цахимаар ингэж покер тоглуулдаг групп байдаг юм байна. Чи нэг тоглоод үзээч гэж хэлээд сонирхоод тоглож үзсэн. Эхэндээ 50, 100 мянган төгрөгийн ширээнд өгөө, аваагүй тоглоод байсан учраас мөрийгөө өсгөөд 500-1.000.000 төгрөгийн ширээнд тоглож эхэлсэн.
Тухайн мөрийтэй тоглоомын группуудэд хэр олон хүн тоглодог вэ? Шалгуур ч юм уу тийм зүйл байдаг уу?
Мөнгөө төлж л байвал шалгуур гээд байх зүйл байдаггүй. Ер нь маш олон залуучууд тоглодог. 10 хүний бараг найм нь тоглож байгаа.
Та нэг жилийн хугацаанд тоглоод хэдий хэмжээний мөнгөө алдсан бэ?
Эхлээд цахимаар тоглож байхдаа бага хэмжээгээр хождог, авдаг байсан. Тэгээд цаашлаад гэрээсээ, гар утсаараа тоглодог байсан бол интернет кафе-д очиж тоглодог болсон. Ер нь мөрийгөө өсгөөд таван зуу, нэг саяын ширээнд тоглоод л алдаж эхэлсэн. Алдсан мөнгөө олохын тулд машинаа долоон сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад тавиад алдсан. Тэр мөнгөө буцааж олохын тулд, газар хашаа байшин гээд бүгдийг нь тавиад алдсан. Хүн алдсан хойноо л ухаардаг юм байна. Нийт 25-26 сая төгрөгөө алдсан.
Алдаад эхлэх үедээ тоглохоо болъё гэж бодоогүй юу?
Хүн өөрийгөө би донтчихсон байна гэж огт боддоггүй юм билээ. Буцаагаад авчихна. Одоо хожино гэж бодоод л үргэлжлүүлээд тоглосон.
Тухайн үед гэр бүлийнхэн нь юу гэж байсан бэ?
Гэр бүлийн хүн маань одоо боль гэж олон хэлсэн. Тухайн үедээ би одоо тоглохгүй гэж хэлчихээд нууцаар тоглоод бүх зүйлээ алдсан. Эхнэр хүүхэд хоёр маань тоглоомоо болихгүй бол сална гэж хэлээд орхиод явсан. Мөнгө төгрөг бол яахав эргээд олдоно. Гэр бүлээ алдсандаа л маш их харамсаж байна.
Монгол улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 578 гэмт хэрэг бүртгэгдэж, 189 хэрэг прокурорын байгууллагад шалгагдаж байна. Гэхдээ энэ статистик бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Үүнээс гадна хэдэн мянган хүн амьдралаа алдаж арван тамдаа шатаж явааг тааварлашгүй.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 1,000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2,000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх тасгийн дарга Дэд хурандаа Б.Өсөхбаяр:
Мөрийтэй тоглох гэмт хэрэгт зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 131 хэрэг бүртгэгдсэн. Мөрийтэй тоглоом тоглож буй этгээдүүд өнөөдөр мөнгөө алдсан ч маргааш буцаагаад авчихна. Хожино гэсэн итгэл үнэмшилээр тоглодог. Алдсан мөнгөө буцааж олж авахын тулд бусдын эд хөрөнгийг залилах, хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэх гэх мэтчилэн олон муу үр дагаврыг дагуулдаг хор уршигтай. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулж байгаа этгээдүүдийг болон тоглож буй этгээдүүдийг илрүүлэн хуулийн хүрээнд хариуцлага тооцоод явж байгаа.
ЭЦА-аас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар програмчилсан нь тогтоогдсон байна. Мөн авах эзэн нь тодорхой ч сошиал орчинд сугалаа нэрийдлээр иргэдээс мөнгө авч их хэмжээний мөнгө залилсан хэргүүдийг ч цагдаагийн байгууллага шалгаж байна.
Зарах тэнэг байхад авах тэнэг байдаг гэдэгчлэн цахим орчинд борооны дараах мөөг шиг мөрийтэй тоглоом, сугалааны группүүд бий. Манай улсад энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх хууль эрхзүйн орчин думтаг байгаа нь өөрөө гэмт этгээдүүдийг өөхшүүлсээр байгаа юм. Зарим тохиолдолд нүд ч гэсэн худал хэлдэг. Нэг хожиж 10 алдана. Алдах тусам улам шунана. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гээд нас, хүйс энд хамаагүй. Арван жилийн сурагч хүү найзынхаа утсыг ломбарданд барьцаалж спорт бооцоонд тавьж, гурван хүүтэй эцэг машинаа зараад цахим покерт донтож, ач зээгээ хараад гэртээ суудаг эмээ хүртэл тэтгэврийн мөнгөө телевизийн сугалаанд барьж, охид эмэгтэйчүүд нь үнэртэй ус, ээмэг зүүлтхэнд хоолныхоо мөнгийг өгнө.
Цахим сүлжээнд мөрийтэй тоглоом тоглуулах болон тоглож байгаа та өөрөө ч хуулийн хүрээнд хариуцлага хүлээдэг. Мөн мөрийнд тавьж алдсан хохирлоо ч эргэн нэхэмжлэх боломжгүй тул иргэд өөрсдөө ухамсартай байж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхыг хуульчид анхааруулж байна.
Өмгөөллийн ""MBS partners" ХХН-ийн хуульч Х.Агиймаа:
Мөрийтэй тоглоом бол яг л хар тамхи шиг донтуулдаг. Таны хажууд байгаа хүн санаатай юм уу санамсаргүй юм уу хожиж байгаа нь та ч гэсэн хожино гэсэн үг биш. Танд яг тэгэж таарна гэсэн үг биш. Та мөрийнд мөнгөө тавихдаа алдсан ч хамаагүй гэсэн үйлдэл хийж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл би энэ мөнгөө алдсан ч хамаагүй гээд салхинд хийсгэж буйтай агаар нэг юм. Тиймээс тухайн алдсан эд хөрөнгөө буцаан нэхэмжлэх хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй. Нөгөө талдаа мөрийтэй тоглоод мөнгөө алдсан этгээдүүд зөвхөн тоглуулж буй этгээд хариуцлага хүлээдэг гэсэн ташаа ойлголттой байдаг. Манай улсын хууль эрх зүйн хүрээнд тоглосон, тоглуулсан этгээдүүд буюу хоёр тал хоёулаа хариуцлага хүлээх зохицуулалттай.
Бид энэ удаагийн сурвалжлагаараа чимээгүй тахал болсон цахим мөрийтэй тоглоомын асуудлыг хөндлөө. Цахим орчинд хэмжээ хязгааргүй үйлдэгдсээр байгаа энэ төрлийн гэмт хэрэгт хууль эрхзүйн нарийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Гэхдээ хууль тогтоомж хариуцлагыг чангатгасан ч таны үйлдэл ухамсарт бүрэн хязгаар тогтоож чадахгүй. Үнэгүй амттай бяслаг идэх шуналын төлөөсийг та өөрөө л төлнө.
Мөрийтэй тоглоом бол тоглоом биш. Алдвал аавын хаалга татаж, амьдралаа залгиулна. Сонголтыг та өөрөө л хийнэ.
АДМИН








Нийгэм






