Өргөн олон түмэн наадамчдынхаа өмнө
Үнэн хүчийг үзэн барилдъя гэв ээ… /Бөхийн цол дуудах хэсгээс/
Өргөн олон түмэн наадамчдынхаа өмнө
Өндөр идэвхийг үзүүлэн барин авч барилдъя гэв ээ…гэж өөрчлөх үү?
Төрийн наадмын үзүүр түрүү, өндөр даваанд хүртэл өрсөлдөгч бөхөө өвдөг шороодуулсан нь биш идэвх харуулж, илүү сарвалзсаныг нь үзэмжээр давуулахаар наадмын Бөхийн салбар хорооныхон шийдвэрлэлээ. Аманд гарч үзээгүй, өрөөл мах өргөж даахааргүй, өөдөн оодон түшмэд, өндгөн тоодон дарга нар өвөг дээдсээс уламжлагдсан, үндэсний бөхийн торгон дэвжээн дээр шар, улаан карт өгч, сануулж шийтгэх талаар тоглосон шинжгүйгээр, тун чиг нухацтай гэгч санал онол гаргацгаажээ. Улс, аймаг, сумын наадмуудад барилдаан 40 минут болмогц таг зогсоогоод, хөлийн цэцүүд хуралдаж, өрсөлдөгчөө өвдөг шороодуулсныг нь биш идэвх үзүүлсэн гэж гарыг нь өргөнө. Хараад уурлах юмтай, хариад хэрэлдэх юмтай, эвийг бэхлэх бус сэвийг өдөөсөн, нутаг ус, аймаг, сумаараа талцана. Унагасан мэх биш сарвалзсан идэвх харах үзэмжийн шийдвэр наадам биш нанчилдаан, омогших бус омогдоход хүргэнэ.
Чухам юуг идэвх гэж үзэх вэ? Хөлийн цэцүүдийн хувийн үзэмжээр шийдэх бөхөөр бол барих барьцгүй хийсвэр зүйл. Нэгээр илүү удаа хөлд нь дохисон, хоёр удаа цочоосон, гурав ухасхийсэн гэх мэтийг тоолох уу? Хурдтай жижгэвтэр бөх нь давшлан самгардуулах нь тактик бол арал чацтай нь дагаж тэвдэхгүй, хүлээцтэй барилдах нь бас нэг арга ухаан. Аливаа тулааны спортод хурд, хүч, бие бялдар, өрсөлдөгчийн арга барилаас хамааран ухрах, угтуулах нь арга тактик. Учир зүггүй, ухаан зулаггүй урагш довтлох нь ур чадвар ч биш, унагасан ялсан гэсэн үр дүн ч биш. Тэгж яривал Монголын морьт цэрэг дайснаасаа ухран зугтах мэт өдөөн хуураад гэдрэг эргэн довтолдог, зээр авлах мэт бүслэн цохидог байсан.
Нэг талаас орчин үетэй хөл нийлүүлэн өөрчлөх нь зөв мэт боловч нөгөө талаас цагт баригдсан, эртхэн гэртээ харьж амаръя, бөгс чиллээ, хөөе хурдлаач ээ, дурак аа, түгжрэл ямар их байна аа гэх зэрэг адгуу яаруу, давчуу стресстэй энэ үеийн сэтгэл зүйд таацуулан өв уламжлал, үндсэн шинж чанарыг нь эвдэж байна. Үнэн хүчийг үзнэ гэдэг нь тамир тэнхээгээ шавхарч дуустал, шандас тэвчээрээ тултал нь сорихын утга учир юм. Үндэсний бөхийн барилдааны үеэр хип хоп, транс аарэнбий, жааз, битбокс биш уртын дуу эгшиглэх нь Монголын их амар амгалан юм. Үндэсний бөх цаг, жин, талбай харгалздаггүй үндсэн тулгуур гурван онцлогтой. Өнөөдөр Бөхийн өргөөний хашлагаар талбайг нь харгалзаж, барилдааны явцад гурван удаа ухарч гарсан бол хасдаг дүрэм үйлчилдэг болсон. Ноднин 1024 бөхийг хоёр өдөрт багтаан барилдуулах, барилдааны явцад нь 3 удаа сануулан хассан. Харин энэ жил хоёр дахин цөөн 512 бөх барилдах учир яарсан яараагүй хоёр өдөртөө барилдаж дуусна. Төрийн наадамд идэвхээр түрүүлсэн бөхийн цол чимэг ямар байх вэ? Үүнээс хойшид түүнээс цаашид
Өргөн олон түмнийхээ дундаас
Өндөр идэвхээрээ онцгойлон шалгарсан… гэдэг болох байх.
АДМИН








Нийгэм




