Dark Light
Эдийн засаг | 2026-09-17

ЕСБХБ МОНГОЛ УЛСАД САНХҮҮГИЙН СИСТЕМИЙГ НОГООРУУЛАХ GEFF ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сан хамтран Монгол Улсын хэмжээнд усны үр ашигтай хэрэглээг дэмжих, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нөөцийн ашиглалтыг сайжруулахад чиглэсэн байгаль орчинд ээлтэй, инновацын шийдэл бүхий төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Энэхүү зорилгын хүрээнд талууд Санхүүгийн системийг ногооруулах шинэ шатны хөтөлбөрийг Улаанбаатар хотноо албан ёсоор нээлээ.

Уг шинэ тогтолцоо нь уламжлалт төсөлд суурилсан ногоон зээл олгохоос хальж, Монголын санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг өөрсдийн стратеги, засаглал, эрсдэлийн менежментийн салшгүй хэсэг болгон нэвтрүүлэхэд туслах юм. Ингэснээр ногоон санхүүжилт нь банкны тусдаа бие даасан үйл ажиллагаа биш, харин банкны үндсэн чиглэл, соёл болон хөгжих боломж бүрдэж байна. Шинэ хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхээр Хаан банкинд 80 сая ам.долларын зээл олгохоор баталсан бөгөөд цаашид бусад арилжааны банкууд болон санхүүгийн байгууллагууд үе шаттайгаар нэгдэх юм.

Энэхүү санаачилга нь 2018 оноос хойш хэрэгжиж, өдгөө 225 сая ам.долларын санхүүжилтийн сан бүхий Ногоон эдийн засгийн санхүүжилтийн тогтолцооны амжилтад тулгуурлан гарч ирж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд уг санхүүжилтээр Монголын эдийн засгийн олон салбарт 330 гаруй дэд төслийг дэмжиж, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй тоног төхөөрөмж зэрэг ногоон технологийг нэвтрүүлсэн байна. Үүний үр дүнд жил бүр 2 сая гигажоуль эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн ялгарлыг бараг 150 мянган тонноор бууруулж чаджээ.

Монгол Улс нь цаг уурын эрс тэс нөхцөлтэй бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн их өртөмтгий орнуудын нэг юм. Түүнчлэн эрчим хүчний систем нь нүүрснээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа тул эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, байгалийн нөөцийн зохистой ашиглалтад томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Шинэ хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг боломжийн өртөгтэй санхүүжилтийг институцийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаатай хослуулснаар эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах юм.

Дэлхийн хэмжээнд хэрэгжих 620 сая ам.долларын өртөгтэй энэхүү томоохон санаачилга нь Газар дундын тэнгисийн өмнөд болон зүүн бүс нутгаас эхлээд Монгол Улс хүртэлх нийт 13 орны зээлдүүлэгчдэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй санхүүжилтийг олгохоор чиглэжээ. Нийт санхүүжилтийн хамгийн багадаа 20 хувийг эмэгтэйчүүдийн удирдсан бизнесийг дэмжихэд, харин 30 орчим хувийг хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд зориулахаар төлөвлөсөн байна. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийг Канад улсын засгийн газар Уур амьсгалын үйл ажиллагааны өндөр үр нөлөө бүхий түншлэлийн хүрээнд дэмжин ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19