Хятадын 凤凰网 буюу Галт шувуу гэж орчуулагдах хэвлэлийн цахим хуудаснаас Zogii нэгэн сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна. Уг нийтлэлд Зөвлөлт Холбоот Улс яагаад Монголд Чингис хааныг алдаршуулах, магтан дуулахыг хуульчлан хориглож байсан бэ гэдэг асуудлыг нэлээд гүнзгий хөндөн тавьжээ.
Дэлхийн түүхэнд асар том өөрчлөлт, нөлөөг авчирсан энэхүү жанжны байлдааны аянууд нь хүн төрөлхтний түүхийн явцыг эргүүлсэн гэж үздэг. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, анхны их хаан Чингис хаан бол монголчуудын хувьд зуун зууны турш тасралтгүй шүтэж, дээдэлж ирсэн агуу өвөг дээдэс, үндэсний соёлын баатар, шүтээн төрх нь юм. Түүний байгуулсан эзэнт гүрэн Евразийн эх газрыг дамнасан асар уудам газар нутгийг хамарч, хүйтэн зэвсгийн эрин үед цэрэг төр, цэргийн урлагийнхаа оргилд хүрч чадсан байдаг.
Хээр талын эгэл баатраас дэлхийн эзэнт гүрнийг байгуулагч император болсон Чингис хааны түүхэн статус Монголын түүхэнд цор ганц бөгөөд давтагдашгүй юм. Гэвч зөвлөлтийн үед Монгол улсад монгол хүн Чингис хаанаа алдаршуулах ямар ч боломжгүй байсан бөгөөд үүний цаад шалтгаан нь Орос орны өөрийнх нь түүхийн гүнд нуугдаж байдаг байна.
Түүхийн хуудсыг сөхвөл Оросын газар нутаг урт хугацааны турш бусдыг байлдан дагуулах, эсвэл бусдын эрхшээлд орох түүхэн шатуудыг туулж ирсэн. Үүний дотор монголчууд буюу Чингис хааны үр сад Оросын газар нутаг дээр Алтан Ордын улсыг байгуулан, оросуудыг 240 гаруй жилийн турш захирч байсан бөгөөд тухайн үеийн Орос орон монголчуудын зүгээр л нэг вассал, хараат улс төдий байв. Оросуудын хувьд өөрийнх нь түүхэнд байсан энэхүү Алтан Ордын засаглалын үе бол маш их ичгүүртэй, дурсахыг хүсдэггүй хар толбо бөгөөд ялангуяа зөвлөлтийн үеийн түүх бичлэгт энэ сэдвээс аль болох зайлсхийхийг хичээдэг байжээ. 1921 оны 7-р сард дөнгөж үүсээд байсан ЗХУ Гадаад Монголд цэргээ оруулж, улмаар түүнийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс болгон тусгаар тогтноход нь дэмжлэг үзүүлсэн боловч бодит байдал дээр Монгол улс ЗХУ-ын бүрэн хараат, зөвлөлтийн нэгэн холбооны улс шиг статустай болсон байна. Монголын нийгэм, улс төр, үзэл суртлын бүх салбар зөвлөлтийн коммунист идеологийг үг дуугүй дагах ёстой байв.
Тухайн үед ЗХУ аль хэдийн дэлхийн хэмжээний супер гүрэн болчихсон, харин Монгол улс түүнээс хамааралтай жижиг орон байсан тул хэрэв монголчууд Чингис хаанаа үргэлжлүүлэн алдаршуулж, магтсаар байвал энэ нь ЗХУ-ын удирдлагуудыг сэтгэл зүйн хувьд маш их хямрааж, түгшээхээс гадна монголчуудын дунд хуучин цагийн эзэнт гүрнээ сэргээх, түүхэн ухамсраараа дамжуулан тусгаар тогтнолоо хамгаалах реверсив сэтгэл зүй, ирээдүйн найдвар төрөхөөс маш их айж байжээ. Иймээс ЗХУ-аас Чингис хааныг магтан дуулах, түүнд зориулж тахил өргөхийг хуулиар хатуу хориглосон байна.
Үүнээс гадна Орос, Монгол хоёр улс бараг гурван зууны турш түүхийн явцад ураг төрлийн холбоо тогтоож, соёл, эдийн засгийн хувьд маш гүнзгий холилдсон тул зарим оросуудын судсаар монгол цус гүйж байдаг гэдгийг нийтлэлд онцолжээ. Тэр ч байтугай ЗХУ-ыг үндэслэгч Владимир Лениний судсаар ч монгол цус гүйж байсан гэх яриа байдаг бөгөөд энэхүү Орос, Монголын цусны болон соёлын хэлхээ холбоо хоёр орны харилцааг маш бат бөх болгож байсан юм. Гэвч ЗХУ энэхүү хоёр үндэстний холилдон уусах үйл явцыг өөрийн давамгайлал дор удирдахыг хүсэж байсан бөгөөд үүний тулд хамгийн түрүүнд монголчуудын өөрийн үндэстэндээ харьяалагдах тэрхүү гүн сэтгэгдэл, үндэсний бахархлыг үгүй хийх даалгавар тулгарчээ. Учир нь тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд болон өнөөгийн ОХУ-ын нутаг дэвсгэрт Тува, Буриад зэрэг монгол угсаатны хэд хэдэн томоохон бүрэлдэхүүн хэсгүүд амьдарч байсан бөгөөд амьдарсаар ч байна.
Хэрэв БНМАУ-д Чингис хааныг шүтэх, түүнийг алдаршуулах явдал чөлөөтэй үргэлжилбэл энэ нь зөвхөн Монгол улсад төдийгүй ЗХУ дотор байгаа тува, буриад зэрэг монгол туургатнуудын үндэсний ижилсэл, бахархлыг сэргээж, улмаар зөвлөлт засгийн эсрэг монгол угсаатнууд нэгдэх, улс орны дотоодод хагарал, тогтворгүй байдал үүсгэх маш том эрсдэлтэй гэж зөвлөлтийн удирдлагууд үзсэн байна. Ийм учраас үндэсний баатарлаг үзлийг үндсээр нь дарах, монгол туургатнуудын нэгдлийг бүрмөсөн таслан зогсоох зорилгоор Чингис хаантай холбоотой түүхийн ховор ном судруудыг түүж шатаан, ард түмний дундах тахилга шүтлэгийг бүрэн хааж, Чингис хааны хөрөг зураг, хөшөө дурсгалуудыг устгажээ.
Зөвлөлтийн олон арван жилийн засаглалын хугацаанд Монголын түүхийн сурах бичгүүдээс Чингис хааны нэрийг бараг бүрэн хасаж, түүний тухай дурдахыг ч цээрлэдэг байсан нь ЗХУ Монгол дахь өөрийн үзэл суртлын нөлөө болон засаглалын эрх мэдлээ ямар ч эрсдэлгүйгээр бат бөх хадгалахын тулд хийсэн хамгийн хатуу алхам байсан хэмээн 凤凰 хэвлэлд дүгнэсэн байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



