“Хөвсгөлд Зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын арга хэмжээ болгон “Сарлаг наадам-2023” энэ оны долоодугаар сарын 20-21-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Далан булагт зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан, “Сарлаг наадам”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, АИТХ-ын төлөөлөгч М.Хуягбаатар “Жинст Мөрөн” компанийн захирал Г.Амарболд, Алаг-Эрдэнэ сумын удирдлагууд оролцлоо.
Тус арга хэмжээг нээж Хөвсгөл аймгийн Засаг дарга Пилжээгийн Лхагважав хэлсэн үгэндээ:
“....Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын болгон хөгжүүлэх зорилгоор “Сарлаг наадам”-ыг 2014 оноос зохион байгааг онцлоод тус арга хэмжээнд хамтран оролцсон бүх байгууллагад талархал илэрхийлж байлаа...”
Аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Шаравдоржийн Идэрбаясгалан хэлэхдээ:
"...Бид аялал жуулчлалыг хөгжүүлж, улирлын хамаарлыг багасгаж гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгийн иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх, зорилгоор “Сарлаг наадам” арга хэмжээг 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, цаашид улсын хэмжээний арга хэмжээ болгон хөгжүүлэхээр зорилго тавьж байгааг онцлов...”
Хөвсгөл аймгийн 22 сум, нэг тосгонд нийт 170 мянга гаруй толгой сарлаг байна. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ суманд гэхэд л нийт үхрийн 90 хувь нь сарлаг юм.
Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Жинст мөрөн” компани сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ Европын орнуудад сурталчлах ажлыг хийж байгаагаас гадна Герман улсад сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний дэлгүүр нээж байгаад бид бүхэн сэтгэл өндөр байна. Мөн малчид маань ч гэсэн сүүлийн үед сарлагийн хөөврийг маш сайн самнаж өгч байгаа. 2017 онд нэг тонн хөөвөр авч байсан бол өнөөдөр 3 тонн хөөврийг зөвхөн Алаг-Эрдэнэ сумын малчид нийлүүлдэг болсныг онцоллоо.


АДМИН







Нийгэм



