Бүх нийтийн гүйлтэд тэг тэг тэг долоо буюу азын гэх үү, долоомол маягийн алтан дугаар авч зүүдэг, 0013 УНА хэмээх эр хүний 13 мэхийг сануулах УНА гэдэг үсэгтэй унаа унадаг хотын орлогч дарга Төмөртөөмөө гэдэг хүн бий. Түмнээс төгөлдөр Төмөртөөмөө дарга ялгаварлал гадуурхлын чанартай үг, үйлдлээрээ олныг баясгах бус олныг бачимдуулдаг. Энэ хичээлийн шинэ жилээр ч “сурсан юмыг сураар боохгүй”-гээ баталж, сургуульд орсон хүүхдийнхээ багшид Ерөнхий сайд асан шувуу Ч.Сайханбилэгийн эхнэрийн “Байгаль” брэндийн бэлэг сэлт барьсан зургаа өөрөө постолж, өргөн олонд өөрөө өөрийгөө барьж өглөө. Баяр хүргэж цэцэг өгөх нь соёлт хүний үйлдэл байж болох ч бүдүүн дарга үнэтэй брэндээр бэлэг барихаар туранхай иргэдийн багачууд хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эцэг эхийнхээ орлого чинээний ялгааг мэдэрнэ. Гар чимэх цэцэг биш гар хүндрүүлэх соёл ингэж халдварлаж, буруу үлгэр, болчимгүй жишиг болдог. Хараагүйчүүдийн холбооны УЗ-ийн гишүүн Б.Ганзориг нүүр нүүрээ хараад ярилцъя гэхэд нь “Чи хүний нүүр харах уу?” гэж доромжлогдон гадуурхагдсан талаараа хэвлэлд мэдэгдлээ. Хот соёлтой бол гоё. Хотын орлогч соёлтой бол бүр гоё.
Нийгэм | 2023-09-03
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




