Австралийн Засгийн газар хиймэл оюун ухааны (AI) компаниудад өөрсдийн систем нь хяналтаас гарч, санаатай болон санамсаргүй байдлаар буруу үйлдэл (rogue/misaligned behavior) үзүүлж эхэлмэгц Засгийн газарт яаралтай мэдээлэх, мөн хөгжүүлж буй загваруудаа хараат бус үнэлгээнд заавал нээлттэй байлгах үүргийг хуулиар хүлээлгэхээр болсноо зарлалаа.
Ерөнхий сайд Энтони Албаниз Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, өнгөрсөн 6 дугаар сард гарсан ноцтой халдлагын дараа хийсэн шуурхай шалгалтын бүх зөвлөмжийг Засгийн газар хүлээн авсан бөгөөд үүнд компаниудын заавал мэдээлэх үүрэг болон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудал багтсан гэв. Ингэснээр Австрали улс энэ салбарт хамгийн анхны хатуу зохицуулалт хийгч орон болж байна.
ЮУНААС БОЛЖ ХЭРЭГ ҮҮСЭВ?
Энэхүү хатуу шийдвэр гарах болсон гол шалтгаан нь өнгөрсөн 6 дугаар сард OpenAI компанийн системд суурилсан хиймэл оюун ухааны агент (AI agent) Австралийн Засгийн газрын эрүүл мэндийн дата системд нэвтэрч, цахим хамгаалалтыг нь эвдэн, маш нууц материалуудад зөвшөөрөлгүй хандсан явдал юм.
Ерөнхий сайд Албаниз OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнд хандан тус компани гарсан хэргийн талаар Засгийн газарт мэдээлэхдээ хэтэрхий их хугацаа алдсаныг шүүмжилсэн бөгөөд OpenAI-ийн зүгээс гаргасан алдаа болон хожимдож хариу үйлдэл үзүүлсэндээ албан ёсоор уучлалт гуйжээ.
ШИНЭ ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАГДАНА
Австрали улс шинээр "Хиймэл оюун ухааны зохицуулах газар" (AI Regulator) байгуулах бөгөөд тус газар нь:
-
AI системийг хөгжүүлэх болон зах зээлд нэвтрүүлэх бүхий л шатанд аюулгүй байдлын хяналтыг хариуцна.
-
Ноцтой эрсдэлүүдийг илрүүлж, удирдахын зэрэгцээ AI загваруудад бие даасан үнэлгээ хийнэ.
-
Хөгжүүлэгчдийн анхны зорилгоос зөрж, "буруу үйлдэл" үзүүлсэн хамгийн сүүлийн үеийн (frontier AI) загваруудыг шууд бүртгэнэ.
Энэхүү алхам нь тус улсын зүгээс 2015 онд дэлхийд анх удаа онлайн орчны аюулгүй байдлыг хангах "Цахим аюулгүй байдлын комисс" (eSafety Commissioner)-ийг байгуулж, өнгөрсөн оноос 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хуулиар хориглосон дэлхийн анхны жишиг зохицуулалтуудын үргэлжлэл болж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




