Dark Light
Гадаад | 2026-11-10

ВЬЕТНАМ ТРОЛЛУУДЫН АРМИ ХААНААС ҮҮСЭЛТЭЙ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Испани улсад 2026 оны 11 дүгээр сарын 29-нд болох парламентын ээлжит бус сонгууль дөхсөн энэ үед тус улсын үндэсний аюулгүй байдал, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой олон улсын гибрид заналхийлэл, цахим довтолгооны сүлжээ идэвхжсэнийг "Golden Owl" компанийн нээлттэй эх сурвалжийн тагнуулын (OSINT) судалгаагаар илрүүллээ.

Уг тайланд дурдсанаар, ОХУ-ын сүлжээнүүд Испани иргэдийг цахим халдлагад элсүүлж байгаагаас гадна Вьетнам, Шри-Ланка зэрэг улсуудаас удирдан ажиллуулдаг хуурамч мэдээллийн платформууд зуу зуун мянган дагагчдыг цуглуулан, сонгуулийн үйл ажиллагааг унагах зорилготой ажиллаж байна хэмээн Defence24 мэдээлэв.

Мөрдөн шалгалтаар Испани залуусыг Барууны орнуудын эсрэг чиглэсэн кибер ажиллагаанд оролцохыг уриалсан заруудыг илрүүлсэн бөгөөд хакеруудын ажлын хөлсийг криптовалютаар олгохоор амлаж байжээ. Үүнээс гадна Испани иргэдийг Оросын армид элсүүлэх 9 зар илэрсэн бөгөөд гэрээ байгуулсны урамшуулал болгож 25,000 ам.доллар, сарын 2,500–3,000 ам.долларын цалин санал болгосон байна.

Мөн тус улсын аюулгүй байдлын ажилтнууд, тагнуулч, цэргийн алба хаагчдын хувийн мэдээллийг сошиал орчинд зориуд ил болгох (doxing) замаар тэднийг дарамтлах, сүрдүүлэх, дансыг нь хакердах оролдлогууд гарчээ.

ВЬЕТНАМААС УДИРДДАГ "ХУУРАМЧ" ИСПАНИ ХЭВЛЭЛҮҮД

Хамгийн хачирхалтай нь, Фэйсбүүк орчинд Испанийн орон нутгийн мэдээллийн хэрэгсэл эсвэл иргэдийн бүлгэм шиг харагддаг, нийт 270,000 дагагчтай 8 хуудас бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийг Вьетнам улсаас удирддаг болох нь тогтоогджээ.

Эдгээр хуудсууд нь эхэндээ ямар нэгэн улс төрийн бус, энгийн контент төлбөртэйгөөр цацаж хандалт авдаг байсан ч 10 дугаар сарын 27-ноос эхлэн хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн хуурамч зураг, графикуудыг ашиглан Испанийн улс төр, сонгуулийн будлианы талаарх гүтгэлгийг ялангуяа 65-аас дээш насны ахмадуудад чиглүүлэн эрчимтэй тарааж эхэлсэн байна. Үүнтэй ижил бүтэцтэй хуудсууд Пакистан, Индонези, Аргентинаас ч мөн илэрчээ.

СОНГУУЛИЙН БУДЛИАНЫ ТУХАЙ 4000 ГАРУЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ

Судалгаагаар ердөө гурван долоо хоногийн хугацаанд сонгуулийн үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэлийг унагах зорилготой бараг 4000 орчим хуурамч материал сошиал сүлжээнд цацагдсаныг баримтжуулсан байна. Үүнд:

  • Сонгуулийн ерөнхий луйврын тухай — 1,483 нийтлэл.

  • Шуудангийн санал хураалтын хуурамч байдал — 1,021 мэдээлэл.

  • Сонгогчдын бүртгэлийн зөрчил — 760 материал.

  • Мөн гадаадын иргэдийн нөлөөлөл болон хуурамч судалгааны дүн, албан тушаалтнуудын нэрийг барьсан хаягууд олноор бүртгэгджээ.

Судлаачид энэхүү үйл явдлыг зөвхөн хэвлэл мэдээллийн хуурамч мэдээллийн асуудал биш, цаанаа нарийн зохион байгуулалттай, улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг чиглэсэн цахим дайн хэмээн тодорхойлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08