Dark Light
Нийгэм | 2023-09-07

“Соёлын сэргэлт-2023” аян Төв аймгийн Баянжаргалан суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аяныг Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Ө.Нямбаяр нээж үг хэлэхдээ “Баянжаргалан сум нь 1923 онд байгуулагдсан. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Ардын уран зохиолч П.Бадарч тэргүүтэй ажил үйлс, уран бүтээлээрээ нийгэмдээ манлайлагчид тус сумаас төрөн гарсан юм. Мөн эртний Хүннүгийн хаадын зуны ордон “Гуа дов”-ын дурсгалт газар нь Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт оршдог гэдгээр нутгийн зон олон бид бахархан омогшдог билээ” хэмээн онцолсон юм. 

ИЛТГЭЛ

Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, түүхийн ухааны доктор На.Батболд Соёлын яамны бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулаад "Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдэвт илтгэл тавьж, Энэ сайхан нутагт орших “Гуа дов”-ын Хүннүгийн хаадын ордныг харуулсан макет, холбогдох үзмэр, эд өлгийн зүйлсийг Чингис хаан Үндэсний музейд дэглэсэн нь өдөрт 1000 гаруй үзэгчийн оюуны мэлмийг мялааж байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм. Энэ үеэр “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд бэлтгэгдсэн сургагч багшид батламж гардууллаа. 

ҮЗВЭР, ТОГЛОЛТ, ҮЗЭСГЭЛЭН

Баянжаргалан сумын ард иргэдэд “Монгол туургатан” театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum сан хөмрөг дэх зарим үзмэр, эд өлгийн зүйлсээс бүрдсэн түр үзэсгэлэн, “Төв аймгийн уугуул төр нийгэм, соёл урлаг, спортын алдартнуудын гэрэл зураг”-ийн цомгийг дэлгэн үзүүллээ.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Чингис хаан Үндэсний музейн “Музейд суралцахуй” боловсролын нэгдсэн хөтөлбөрийг Баянжаргалан сумын цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад амжилттай хэрэгжүүлж, музейн сургагч багш нар музейн үзмэрийг бүртгэх, баримтжуулах, хадгалалтын орчныг бүрдүүлэх, олон нийтийн харилцаа, боловсрол гэгээрлийн ажлын арга зүйг зааж, мэргэжлийн зөвлөгөө үзүүллээ.

"СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" аяны үйл ажиллагааны төгсгөлд “Төв сайхан нутаг бидний бахархал” урлагийн тоглолтыг Төв аймгийн Соёл, урлагийн газар, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, MУСТА А.Андрей нар хамтран амжилттай зохион байгууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19