Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон нар Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иёрг, тус сангийн Төв болон Зүүн хойд Ази дахь төсөл хариуцсан хэлтсийн дарга Вероника Айхингер, Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нарыг хүлээн авч уулзлаа.
ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн 30 жилийн ойг тохиолдуулан анхны түншлэгч төрийн байгууллагын хувиар мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын эрх зүйн шинэтгэлд мэдэгдэхүйц, жинтэй хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэв.
Хууль зүй, дотоод хэргийн яам болон ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хоорондын өнөөг хүртэлх хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа талууд уулзалтын эхэнд илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам цаашид эрүүгийн хууль тогтоомжийг шинэтгэх болон ром-германы эрх зүйн бүлийг баримжаалж, МУИС-ийг түшиглэн ХБНГУ-ын хууль зүйн их дээд сургуультай хамтран шүүгч, прокурор бэлтгэх анги нээн хичээллүүлэх талаар хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлж ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас сургалт, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах саналыг дэмжлээ.
Мөн орчин цагийн нийгмийн хөгжилд нийцүүлэн Монгол Улс эрх зүйн тогтолцоогоо улам бүр шинэчлэх үйлсэд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, урьдын адил бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
АДМИН







Нийгэм




