Хувийн үхэрт хувьсгалын мөнгөөр буюу Дэлхийн банкны зээлээр ээмэг зүүх санаа нь нурж унасан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун спортын тайлбарлагчдын хэлдгээр бол дэвжээндээ эргэн ирэхийг оролдлоо. Энэ удаад талх авахдаа л хүн бүхэн төлчихсөн байдаг татварын 9 тэрбум төгрөгөөр хувийн тариалангийн талбайг тойруулан хашаа, хайс хадахыг санаархсан боловч өөрийнх нь багтдаг Засгийн газар нураалаа. Х.Болорчулуун тариан талбайн дэргэд Сангийн сайдын өмнөөс үүнийг машид ихээр дэмжсэн гэж хэлсэн ч Сангийн сайд өөрийн биеэр түүнийг нь үгүйсгэв.
Хувийн компанийн бизнесээ явуулдаг талбайг хаших зардлыг татвар төлөгчид даах юм бол гэр хорооллын айл өрх, зуслангийн байшин, малын саравч, хурдан морины жүчээ, барааны агуулах, нохойн үүр ноохой бүгдийнх нь хашаа хайсыг өмнөөс нь барьж өгөхийг шаардах юм. Улаан буудай стратегийн хүнс мөн боловч гэр хорооллын иргэн бол стратегийн хүн, зуслангийн байшинд хүүхдүүд их байдаг тул стратегийн объект, мал бол угаасаа хүнээс илүү төрийн хамгаалалтад байгаа, мах нь стратегийн хоол мөн. Нохой гэмт хэргээс хамгаалдаг тул стратеги биш гэхэд тактикийн амьтан мөн.
Хаянгаагийн Болорчулуун халиуран найгалзсан тариан түрүүний уянгатайгаар, халимаг үсийг хийсгэн байж Сэлэнгэд хэлсэн үгэнд хамгийн том газартай Гац+Уурт компанийнхан өртөж орхив. Хөдөлмөрч баатар Л.Чинбат цолоо бататган, бүр өөрийн биеэр жолоо мушгин, нутгийн ах Цахиур Төмөрийн хэлснээр хэдэн адсаганаас болж, хүн морьтой, мотоциклтэй хүн элддэг. Л.Чинбатын компани “Нэр бүхий сэтгүүлчид, сайтууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх зэргээр мэдэгдсэн байна. Тэдний мэдэгдсэнээр нэр бүхий сайтууд гэхээсээ нэр бүхий сайдын амнаас болж энэ хэл ам үүссэн. Сайтууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдлаа гэвэл сайд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халсан. Сайт нь өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тул өөр юугаар мэдээлэх вэ гэх мэт сонин сонин асуулт урган гарч байна.
АДМИН








Нийгэм




